Манай талын нохой буюу ард түмний Ерөнхийлөгч ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Г.Золбаяр
"Төрд зүтгэсэн эрхмүүд" нэвтрүүлэг
/
2021-06-15

Гуталчны хүү Авраам Линхольн ба

дунд мэргэжлийн зураач Халтмаагийн БАТТУЛГА

Гуталчны хүү Авраам Линхольн АНУ-ын Ерөнхийлөгч болоход язгууртнууд доромжлол хэмээн хүлээж авчээ. Хожим түүний амийг хөнөөсөн нь ч үүнтэй холбоотой гэлцдэг. Гуталчин хүн Ерөнхийлөгч болсныг тэд тэвчиж чадсангүй. Линхольныг Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байхад нэгэн язгууртан сенатч босч ирээд:

            -Хэдийгээр та азаар, санамсаргүй Ерөнхийлөгч болсон ч, гуталчны хүү гэдэг уг гарвалаа бүү мартаарай. Нэгэн цагт та манайд аавтайгаа ирээд гутал хийж өгч байсан хүн шүү дээ. Одоо ч энэ танхимд ааваар чинь хийлгэсэн гуталтайгаа сууж буй хүмүүс байгаа л байх гэжээ.

            Мань сенатч түүнийг сайн гутаан доромжилчихлоо гэж бодсон нь лавтай. Линхольн энэ үгэнд сөгдөж бүдэрсэнгүй, харин ч:

            -Намайг тангараг өргөх гэж байхад эцгийг минь сануулсанд гялайлаа. Миний эцэг агуу хүн байсан юм. Тэр маш том уран бүтээлч байсан. Түүний хийсэн гутал төгс урлаг болдог байлаа. Би ямар ч мундаг Ерөнхийлөгч боллоо гэсэн, аавынхаа хаана нь ч хүрэхгүй. Аавын хийж өгсөн гутал энд суугаа сенатчдын хэн нэгний хөлийг барьж байгаа бол надад шууд хэлээрэй. Би аав шигээ сайн гуталчин биш ч гэрт чинь өөрөө очоод засаад өгч дөнгөнө шүү” гэж хариулжээ.

            Энэ үгийг хэлснээс хойш түүнийг тийм ч амархан арччихаж чадахгүйг бүгд ухамсарлажээ.

            “Уулын гол уруугаа урсаж, ухааны гол өөдөө урсдаг” гэдэг. Линхольны энэ түүх бол хүний оюун билгийн, сэцэн мэргэний энгүүн бөгөөд гайхамшигт нэгэн жишээ. Монгол Улсын тавдахь буюу өнөөгийн Ерөнхийлөгч “Женко” хэмээх Халтмаагийн Баттулга тусгай дунд боловсролтой зураач гэдгээ хэзээ ч нуудаггүй нь дипломоор хүнийг хэмжээд сурчихсан хүмүүст түүнийг дорд үзэх шалтгаан болдог.

Монголын төрд Харвардаас уруудуулаад гадаад, дотоодын түмэн янзын сургуулийн гэрчилгээтэй “цаасан хүүхэлдэйнүүд” захаас аван олон бий. Баттулгын өмнөх дөрвөн Ерөнхийлөгч л гэхэд уул уурхайн ашиглалтын инженер, хүнсний инженер технологич,  утга-зохиолын ажилтан-уран зохиолын орчуулагч, цэргийн сэтгүүлч зэрэг мэргэжлийг тухайн үеийн их гүрэн ЗХУ-д их, дээд сургууль төгсөн эзэмшсэн төдийгүй нам, улстөрийн сургууль дамжааг шат шатаар өгсөн дүүргэсэн нь намтарт нь тодорхой дурайж байдаг. Харин “Женко” Баттулгын хувьд Дүрслэх урлагийн дунд сургуульд 1978 онд элсэн ороод 1982 онд зураач мэргэжлээр төгссөнөөс өөр сүртэй диплом гэрчилгээ гаргаж ирээд байдаггүй.

Ерөнхийлөгч болгон өөр өөрийн өв, түүхийг бүтээдэг. Х.Баттулга Ерөнхийлөгчийн түүх Монгол Улсад анх удаа хоёр шатны санал хураалтаар гарч ирсэн гэдгээс эхэлж бичигдэнэ. Парламентын сөрөг хүчин Ардчилсан намын нэр дэвшигч тэрбээр үнэмлэхүй олонхи болсон МАН-ын дарга, УИХ-ын спикер Миеэгомбын Энхболдыг ялан гарч ирсэн. Улс түмнүүдийн түүх цадигт “Ард түмний хаан, ардын дундаас төрсөн удирдагч” гэсэн хүндэтгэлтэй, дотно хандлага байдаг. Дэлхийн дайдыг эзэлсэн их эзэн Чингис хаан маань ардынхаа дундаас төрсөн тийм агуу удирдагч байв. Чингис хаанд тухайн үед ийм тийм сургууль соёл дүүргэсэн гэх алгын чинээ цаасан гэрээ гэрчилгээ ганц ч үгүй байв. Харин их хаан маань дэлхийн даяныг амирлуулан төвшитгөх үйлдээ алт, мөнгөн гэрэгээтэй түм түмэн элч төлөөлөгчөө улс түмнүүдэд илгээдэг байсан. Зураач, тамирчин, ганзагын наймаачин явсан гэх Баттулгын намтар цадигийг харж байхад “Аргагүй л ард түмнийхээ дундаас төрсөн хүн юм даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм.

Үргэлжлэлийг эндээс үзнэ үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.