Улсынхаа хөгжлийг тунхагласан их бүтээн байгуулалтын командлагч ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ
Г.Золбаяр
"Төрд зүтгэсэн эрхмүүд" нэвтрүүлэг
/
2022-09-18
“Чингисийн тулганд асаасан галыг унтраах ёсгүй” гэсэн  үзэл, сэтгэлээр улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг баталгаажуулан, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэн соёлжуулж, их бүтээн байгуулалтыг биечлэн удирдахад өөрийгөө  зориулсан хүн бол Юмжаагийн Цэдэнбал юм. Тэрээр маршал Х.Чойлбалсангийн дараа улсынхаа  тусгаар тогтнол, дэвшил хөгжлийн ачааг үүрч явах их үүргийг хүлээж Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ    Монгол Улсаа НҮБ-д гишүүнээр элсүүлж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд улам батжуулан бэхжүүлж ирсэн юм.  Түүний удирдсан  1950-иад онд монголчууд нийтээрээ  бичиг үсэгтэй болж  ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн бол 1940 онд 750 мянга байсан  хүн ам 1980-аад оны дундуур хоёр  саяд хүрч  спорт,  соёл урлагаар  дэлхийн тавцанд  танигдсан түүхтэй.

 Түүний  амьдрал, үйлс  ХХ зууны монголчуудын  түүхийн салшгүй хэсэг

“Хорь эргэм настай Юмжаагийн Цэдэнбалын Монголын улс төрийн тавцанд гарч ирсэн 1940 онд Монгол Улс иргэний агаарын тээвэргүй, төмөр замгүй, үндэсний их сургууль, шинжлэх ухааны академигүй, морин өртөөгөөр албаа залгуулдаг, өдөрт 5000-хан тоосго цохидог, 31 мянгаад квт. цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, ганцхан улсад Элчин сайдын яамтай, олон улсын байгууллагуудын хүрээний гадна оршдог ийм нэгэн орон байлаа. Тэгвэл 45 жил төр, засгийг удирдсан Ю.Цэдэнбалыг Монголын улс төрийн индрээс зайлуулсан 1984 оны эцсээр Монгол Улс өдөрт таван сая квт. цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, дөчин онд зургаан сард цохидог байсан тоосгыг ганцхан өдөрт үйлдвэрлэчихдэг, бүтэн оны турш тээдэг байсан ачааг ганцхан өдөрт тээчихдэг, тээвэр, холбоо, үйлдвэр уурхай хөгжсөн, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болж, сансарт иргэнээ нисгэсэн билээ. Мөн НҮБ-ын гишүүн, дэлхийн 90 гаруй улстай дипломат харилцаатай, олон улсын наяад байгууллагын гишүүн орон болсон байлаа. Тэрээр Монгол орноо хоцрогдлын онцгой бүсээс хөгжлийн онцгой бүсэд шилжүүлэхэд ухамсарт бүх амьдралаа эргэлт буцалтгүй өгч, нийгмийн өмч болон хувирсан  хувь хүн байв” хэмээн хөдөлмөрийн баатар, зохиолч, сэтгүүлч Л.Түдэв бичсэн байдаг.

Монголын ард түмэн түүнийг “Бал дарга”, “Буурал удирдагч”  хэмээн  үеийн үедээ  дурсан санаж, хайрлан бахархдаг. Түүний  зэрэгцээ хилсээр хэлмэгдэж, хүний нутагт зовлон зүдгүүр дунд амьсгал хураасан гашуун тавиланг нь ч марталгүй санадаг. Алдаа, оноог нь ч тодруулан дэнсэлж үнэн түүхийн мөрөөр олон боть ном, судалгааны ажлууд хийж,  тайз, дэлгэцийн хэдэн арван бүтээл,  хөшөө дурсгалд  алдар гавьяаг  нь мөнхжүүлжээ. 2017 онд Монголын төр түүний 100 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, тухайн үед Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан  Ж.Мөнхбат баярын хуралд тавьсан илтгэлдээ “Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Ю.Цэдэнбалын амьдрал, үйлс бол ХХ зууны Монголын ард түмний ХХ зууны түүхийн салшгүй хэсэг юм.

Түүнийг  улс орны удирдлагад байсан 40 гаруй жилд манай орны тусгаар тогтнол бэхжин батжиж, үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбар цэцэглэн хөгжиж, Монгол Улс дан ганц нүүдлийн мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй, аж үйлдвэрт түшиглэсэн хос иргэншилт орчин үеийн улс болтлоо өөрчлөгдөн шинэчлэгджээ. Мэдээж хэрэг Ю.Цэдэнбал гэж хүн, хүний хорвоод мэндэлсэн жирийн л нэгэн бодгаль учраас алдахдаа алдаж, онохдоо онож явсан нь ойлгомжтой. Харин хувь тавилан нь түүнийг асар их баялаг түүх уламжлалтай ч орчин цагийн буулганд жижгэрсэн, ХХ зууны хоёрдугаар хагасын хөгжил дорой Монгол хэмээх  улсын хувь заяаг атган хариуцах, ачааг нь үүрэх онцгой бөгөөд хүндтэй үүрэг хүлээлгэжээ. Энэ их үүрэг хариуцлагыг тэрээр алдаанаасаа оноо нь их, гайнаасаа гавьяа нь илүү зам мөр үлдээн туулж дуусгасан юм. Тийм ч учраас Ю.Цэдэнбалын амьдрал, үйлс бол Монголын ард түмний ХХ зууны түүхийн салшгүй нэг хэсэг болохын учир түүний  алдаанаас сургамжийг нь авч, оносныг нь уламжлан үргэлжлүүлж явах нь өнөөгийн бидний үүрэг болж байна. Энэ бол түүхийн бодит сургамж юм. Түүх түүнийг зөвтгөжээ” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.

Санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгчээс  БНМАУ-ын Төрийн тэргүүн

Юмжаагийн Цэдэнбал  1916 оны есдүгээр сарын 17-нд  Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу буюу одоогийн Увс аймгийн Давст суманд  11 хүүхэдтэй айлын тав дахь хүү болон мэндэлжээ. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгсөөд Эрхүүд суралцахаар   явсан тэрээр 1938 онд Сибирийн санхүү, эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсчээ. Эх орондоо эргэж ирээд  Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгч болов. 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долдугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар томилогдож,  энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдсоноор 1984 оны наймдугаар сар хүртэл  тасралтгүй ажилласан юм. Энэ хооронд 1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын Төрийн тэргүүний албан тушаалыг хашиж, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ. Түүнийг улс төрийн амьдралд дөнгөж хөл тавьж байх үед  Монгол Улс Азийн хоцрогдсон орон байв. Монголын байгалийн баялаг, алт зэс, уран, молибден, мал сүрэг ямар ч татваргүй, бараг үнэгүй шахам  Зөвлөлт Холбоот Улс руу  (ОХУ) гарч байв. Монголын эдийн засаг сул дорой, нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 доллар байсан нь Африкийн ядуу орнуудын түвшинд байлаа. Социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр  дөнгөж гарч ирээд байсан улс орноо цааш авч явж,  аж үйлдвэржүүлэх, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулах, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх нөр их ажил түүнийг угтсан юм. Ийнхүү тэрээр энх хөдөлмөрийн фронтын дээд командлагчаар дөч гаруй жил ээлж халаагүй  хөдөлмөрлөж, хоногийн гуравны хоёрт нь тогтмол илүү цагаар ажиллаж байсан гэдэг.

                      Түүнд хувийн амьдрал гэж бараг л байгаагүй

            Ю.Цэдэнбал насан туршдаа улсынхаа төлөө хөдөлмөрлөсөн хоёр дайны ахмад зүтгэлтэн.  Илүү цагаар ажиллаж, эрүүл мэндээ доройтохыг ч эс тоон зүтгэсэн. Ар гэртээ анхаарал сул тавьснаас анхны хүү нь эндсэн харамсалтай явдал ч гарч байж. Түүний намтарт  “Хүү-?.   1948 оны  гуравдугаар сарын 11-13), гурван  өдөр амьдарсан” гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд цэл залуухан удирдагч тухайн үед сэтгэлээр унаж шаналж байсан ч  улсынхаа үйл хэргийг хойш тавиагүй  тухай ойр дотныхон нь дурссан байдаг. Түүний гэргий  Анастасия Ивановна Филатова (1920-2001) хэмээх орос эмэгтэй  эр нөхрөө хайрлах сэтгэлийн үүднээс Монголын хүүхэд, залуусын төлөө ихийг хийж бүтээсэн. ТэртБНМАУ-ын Хүүхдийн төлөө фондын даргаар ажиллаж, Монголын хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж байлаа. Ю.Цэдэнбалыг нам, төрийн тэргүүнээр ажиллаж, Анастасия Ивановна Филатоваг “Хүүхдийн төлөө фонд”-ын дарга байх  он жилүүдэд  Монголын хүн ам дөрөв дахин өссөн байдаг. Тухайн үед нам, төрийн  зүгээс “Боловсрол бол хөгжил дэвшлийн эх сурвалж”, “Бүхнийг хүүхдийн төлөө”, “Бүх хүүхдэд боловсрол олго, эрүүл байлга” гэсэн зорилт, шийдвэрүүдийг гаргаж  байсан юм. Тиймээс ч тухайн  үед хүүхдийн эрхийн зөрчил өнөөгийнх шиг байсангүй,  хүүхэд жинхэнэ утгаараа хаан байлаа. Тухайлбал, Америкийн нэртэй зохиолч тэр үед  Монголд  ирээд хэлэхдээ “Монголын эзэн хаад нь хүүхдүүд нь юм байна” гэсэн байдаг. Тэд хоёр хүү төрүүлж, өсгөсөн.  Хүү  Владислав (1949-2000) нь  ЭЗХТЗ-ийн Монголын талын орлогч даргаар ажиллаж байсан. Социалист систем бутарч, ЭЗХТЗ татан буугдсаны дараа ажилгүй болж гэртээ ээжийнхээ хамт амьдарсан.   Ээжээсээ хойш ганц биеэр амьдралаа өнгөрүүлж 2000 онд нас баржээ. Харин бага хүү Ц.Зориг нь 1957 онд мэндэлсэн, тэрээр  М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн биологийн факультетийг төгсгөсөн.  Хиагтад төрсөн буриад  бүсгүй Дариймаатай гэр бүл болж өдгөө ОХУ-д амьдарч байна.

                                     Тэр бидэнд юу үлдээсэн бэ?

Ю.Цэдэнбал нам, төрийн тэргүүнээр ажилласан 44 жилийн хугацаанд  нийгмийн бүхий л салбар,  бүх нийтийг хамарсан олон талын цогц арга хэмжээг  авч хэрэгжүүлсэн байдаг. Нийт ард түмнээ  бичиг үсэгтэй болгоод зогссонгүй, боловсролын тогтолцоог бий болгожээ. Түүний санаачилга, дэмжлэгээр XX зуунд 220 мянга гаруй залуус гадаад оронд мэргэжил, боловсрол эзэмшиж, үндэсний сэхээтний эгнээг бий болгожээ. Халдварт өвчин хүн амын дунд тархаж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрээд байсныг таслан зогсоож, иргэдээ богино хугацаанд эрүүлжүүлж, орчин цагийн эрүүл мэндийн байгууллагын үндэс суурийг тавив. Их бүтээн байгуулалтын ажлыг биечлэн удирдаж, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэбат, Багануур хот, 21 аймаг, 300 гаруй сум, нэгдэл, Сангийн аж ахуй, мянга гаруй баг, суурингийн төв баригдаж, агаарын зам, төмөр замыг барьж байгуулав. Түүний дотор театр, соёлын төвүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 90 гаруй хувь нь, аж үйлдвэр, уул уурхайн 80 гаруй хувь нь үүд хаалгаа нээжээ. Хувийн аж ахуйтан давамгайлсан дан ганц мал аж ахуйн орныг богино хугацаанд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгон хувиргаж, эрчим хүчний бааз байгуулах, банк, санхүү, худалдаа, үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэр, холбоо, их барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх төрийн эдийн засгийн бодлогыг хүний нөөцийн хөгжлийн бодлоготой хамт хөгжүүлэв. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлж дэлхийн зуу гаруй оронтой дипломат харилцаа тогтоожээ. Түүнчлэн Монгол Улс олон улсын нэр хүндтэй 60 гаруй байгууллагын гишүүнээр элсэж, даян дэлхийд энх тайвныг тогтоох  үйлсэд идэвхтэй оролцох болсон юм. Нөгөө талаар түүнийг Зөвлөлтийн заавраар ард түмний мал сүргийг хүчээр нийгэмчилж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан улстөрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхаж, үндэсний соёл шашныг хориглох, Оросын талыг баримтлах зэрэг алдаа дутагдал гаргасан гэсэн бараан түүх бас дагалддаг.

Ю.Цэдэнбалыг зайлуулах  шалтгаан-“Тойрон хүрээлэгчдийн хэрэг”

Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ) Монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л Зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Түүнийг  нам, төрийн удирдлагаас зайлуулах болсон шалтгааныг зарим эх сурвалжид өгүүлснийг сонирхвол “ЗХУ-ын нам болон төрийн удирдагчаар М.С.Горбачёвыг сонгосны дараа түүний шууд санаачлага, удирдлагаар социализмыг зөв болгож засаж сайжруулах зорилго бүхий “Перестройка” буюу “Өөрчлөн байгуулалт”-ыг ЗХУ-д хэрэгжүүлж эхэлсэн. ЗХУ-БНМАУ, БНСРУ, БНАГУ зэрэг социалист улсуудын нам, төрийн тэргүүнүүд нь тасралтгүй 30-40 жил ажилласан Ю.Цэдэнбал, Чаушески, Э.Хоннеккер зэрэг олон жил төрийн удирдагч хийсэн ахмадууд байсан бөгөөд тэд Брежневийн үеийн аядуу социализмыг талархагч нар байсан нь үзэл бодол, зарчмын хувьд Горбачёвтай зөрчилдөж байжээ. Мөн эхнэр Филатова нөхрийнхөө өмнөөс Монголын удирдлагын асуудлуудад оролцон, түүний нөлөө асар их байсан. Дээр нь  Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ашгийн асуудал нөлөөлсөн. Мөн А.И.Флатоваг тойрон хүрээлэгчид болон  Д.Майдар,  Ж.Батмөнх,  Д.Моломжамц тэргүүтэй “Эдийн засгийн шинэчлэгч”  бүлгийн хооронд зөрчил хурцадсан. Энэ үед түүний биеийн байдал тархины судасны хатуурлаас болж эрс муудсанаар энэ үеийг ашиглан ЗХУ-ын удирдлага БНМАУ-ын удирдлагад эрс өөрчлөлт хийхээр шийдсэн байдаг” гэжээ.  

Социализмын  сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос

Зөвлөлтийн талын шууд дэмжлэгт дулдуйдсан Монголын тал 1984 оны наймдугаар сарын 23-д МАХН-ын Төв хорооны ээлжит бус VIII бүгд хурлаас Ю.Цэдэнбалын МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөв. Түүний оронд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнхийг тавьсан юм. 1990 онд  МАХН-ын  Төв Хорооны VIII бүгд хурлаас  Ю.Цэдэнбалыг МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүнээс чөлөөлж, намаас хөөжээ.  Мөн АИХ-ын Тэргүүлэгчдйин зарлигаар түүнд олгосон БНМАУ-ын Хөдөлмөрийн болон Улсын баатар, БНМАУ-ын Маршал цол, А.Филатовад хүртээсэн БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон зэрэг одон шагналыг тус тус хураасан байдаг. Тухайн үед зургаан өрөө байр, тэнд байсан бүх хөрөнгө, 10 мянган номтой гэрийн номын сан, сольж өмсөх дотуур хувцаснаас нь өгсүүлээд хувийн зургийн цомог,  Европын улсуудад айлчлах үеэр нь бэлгэнд ирсэн 20-30-аад буу, сэлэм, мөнгөн аяганууд нь сураггүй алга болсон гэдэг. Үүний дараа Улсын Прокурорын газар “тойрон хүрээлэгчид” гэх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулж, ял төлөвлөж, заавал хэрэг болгохын төлөө хоёр жил “уйгагүй “ ажиллажээ. Энэ  нь  “өс хонзонгийн тооцоо”, нам, төрийн  зарим удирдагчдын өндөр албан тушаалд очих хүсэл тэмүүлэл, үүний тулд Ю.Цэдэнбалыг замаасаа зайлуулах,түүнийгээ  гадаадын тагнуулын болон дээд удирдлагын оролцоотой хийсэн увайгүй ажиллагаа байсан талаар  тэр үед  Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж,  үйл явдлын дунд байсан  хуульч Ц.Шаравдорж “Социализмын  сүүлчийн хэлмэгдүүлэлт, түүний золиос нь Ю.Цэдэнбал” гэсэн номдоо бичсэн байдаг.  

Монголдоо очмоор байна, намайг   явуулаач дээ...

            “Би төр, түмнийхээ өмнө өргөсөн тангаргаасаа хэзээ ч урваагүй” хэмээн андгайлсан Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч, Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй гэдэг. Монголоос  ч гэсэн түүнийг  яажшуухан амьдарч байгаа бол гэж санаа тавих хүн байсангүй, үнэндээ Монгол эх орон, монголчууд нь түүнийг мартчихсан байсан нь гашуун үнэн. Түүнийг  ажил албанаас нь холдуулаад зогсохгүй, эхнэрийг нь ажилгүй болгож, хүүг нь намаас хөөж ажлыг нь авсан. Бага хүүгийнх нь паспортыг хурааж хааш нь ч явуулахгүй хорьж, нэг ёсондоо гэр бүлээр нь хэлмэгдүүлж тэтгэвэр тэтгэмжийг нь ч ном ёсоор нь олгож байгаагүй гэдэг. Ийм нөхцөлд төрсөн дүү Аюуш, хүү Зориг, гэргий  Анастасия Ивановна нь түүнийг эмнэлэгт ээлжлэн сахиж, зовлонг нь хуваалцаж байгаад 1991 оны дөрөвдүгээр сарын 21-нд тэрээр хорвоогоос хальжээ.

Төр нь иргэнээ авахгүй бол арми нь маршалаа авна

Тухайн үед төр, засгийн удирдлагууд түүний шарилыг хаана оршуулах талаар хэлэлцэж, Москвад нь орхих, Увс аймагт чимээгүй оршуулах гэсэн санал гарч  байсан гэдэг. Энэ үед Монгол Улсын 17дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн  “Эцсийн дүндээ Ю.Цэдэнбал гуай бидний төлөө зүтгэсээр дууссан. Тэр хүний аугаа их бүтээн байгуулалт, эх орноо гэсэн хоёргүй сэтгэлийг Монгол гэх зүрхтэй, Монгол гэх  сэтгэлтэй, Монгол хэмээх хүн бүр мэднэ. Монгол  хүн өвгөд рүүгээ нулимдаггүй юм” хэмээн хэлжээ. Мөн БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамбаа “Төр нь иргэнээ авахгүй бол арми нь маршалаа авна” хэмээн асуудлыг нэг талд нь гаргаж шийдүүлсэн гэдэг. Ийнхүү монголчууд  улсынхаа хөгжлийг тунхагласан их бүтээн байгуулалтын  анхны командлагч, харийн нутагт амьсгал хураасан  сүүлчийн удирдагчийнхаа шарилыг Улаанбаатарт авчран Алтан өлгийд  оршуулсан юм. Энэ үеэр Монголд ирсэн гэргий А.И.Филатовагаас нь шүүх, прокурорын байгууллага байцаалт авахыг оролдож байсан бол Монголын ард түмэн найман настай балчраас наян настай буурал хүртэл уйлж байсан гэдэг.

эх сурвалж: "ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" түүхэн номоос...

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.222.184.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Готов (202.9.40.67) 2024-03-18 18:41:05
Цэдэнпил чинь КГБ-ийн ажилтан биш бил үү