Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж үгтэй. Тийм ч учраас эрдэмтэд популист улстөрчид шиг цалин тэтгэвэр нэмнэ, цагаа ногоо тариална, царцаа шувуу хооллоно гэж төсвийн мөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулахаар улайрдаггүй. Эрдэмтийн бусдаас ялгарах гол онцлог нь чимээгүй байж байх, асуудалд өнгөц бус шинжлэх ухаанчаар хандаж, өнөөгийн гоё үр дүн, алга ташилтаас илүү маргаашийн сөрөг үр дагавар, нөгөөдрийн эсрэг үйлчлэлийг тооцоолсон ухаанд л оршдог. Хууль батлаад бүх сөрөг муу муухай зүйлийг засаж, хянаж цагдана гэхээсээ илүүтэй асуудлын мөн чанарыг ухуулан таниулах, сэргээн мандуулах, засварлан шинэчлэх, иргэдтэй уулзан ярилцах, учирлан тунгаах зэргийг илүүд үздэг. Олны санаа бопол, санал шүүмжийг эхлээд сонсож, дараа нь өөрийн бодол сэтгэлээ хэлж, эцэст нь хамтын дундаж, зөв шийдвэр гаргах замыг засдаг.
Ардчиллын 36 жилийн нүүрийг үзэж буй Монголын парламентад эрдэмтэд тун цөөхөн сонгогдсон нь харамсалтай. Аливаа улс орны хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд судлаачид, эрдэмтэд олон аваас тэндээс 10 жил, 20 жилийн алдааг зассан, цаашдаа 30-40 жил засвар шинэчлэл орохооргүй чансаатай, одоогийнхоор бол хийгүй, цоорхойгүй, ноорхойгүй хууль батлагддаг. Тийм ч учраас БНСУ, ЯПОН, ГЕРМАН зэрэг өндөр хөгжилтэй, соёлтой улсуудын парламентаас батласан хууль урт настай, удаан жаргалтай байдаг аж. Учир нь ердөө эрдэмтдээ дэмжиж, мэргэчүүддээ хууль батлах эрх олгосон явдал гэж олон улсын судлаачид дүгнэдэг.
Харин манай улсад энэ байдал эсрэгээрээ. Эрдэмтэн судлаачид нь гудамжинд гарч, гундуухан алхаж явахад хөрөнгөндөө эрдэж, баяндаа бачуурсан популист нөхдүүд төрд гарч өөрсдийн эрхэлдэг бизнес, найз нөхдийн пүүс компани, ах дүү нарынхаа эрхэлдэг ажилд хөшүүрэг, тус нэмэр болохуйц “ашиг сонирхолын зөрчилтэй” хууль санаачлан батлуулж, нийтэд хэрэгтэй, нийгэмд тустай, хүүхдүүдийн эрүүл мэнд, ахуй амьдрал ээлтэй заалт бүрийг улдан эсэргүүцдэг буруу хандлагыг нэгэнт тогтоожээ. Энэ үйлдэл нь Монголын хууль тогтоох дээд байгууллагыг чадамжгүй, хөрөнгө мөнгөтэй нөхдүүдэд барьцаалагдсан мэт харагдуулж, олон улс дахь Монгол улсын нэр хүндийг унагах үзүүлэлт болоод байна. Үүний хамгийн тод жишээ нь “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн зээлээс нэр бүхий улстөрчид өөрсдийн компани, аж ахуй нэгждээ давуу эрх үүсгэн зээл авсан явдал. Мөн “Монгол Улсын хөгжлийн банк”-с мөн л эрх баригч намын нөхөд танил тал, албан тушаалаа ашиглан өндөр үнийг дүнтэй зээл гаргуулж, түүнийгээ буруугаар ашиглаж, зөв зүйлд зарцуулж чадаагүй нь тогтоогдож шүүхээр ял шийтгүүлсэн жишээг дурдаж болох.
Гэтэл шинжлэх ухааны салбар нь өнөө хэр уналтад орчихсон. Монгол эрдэмтний туршилт, судалгааны үндсэн дээр байгуулагдсан үйлдвэрлэл гэх зүйл байхгүй. Дандаа гадны улсаас импортлож, нутагшуулж буй үйлдвэрүүд л хөгжиж байна. Энэ нь үндсэндээ Монгол төгрөг гадгашаа урсаж байна гэсэн үг.
Дэлхий нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2,2 хувь нь шинжлэх ухаан, технологийн арга хэмжээнд зарцуулагдаж байна. Хамгийн өндөр нь 4,6 хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг Азийн хоёр улс бий. Өмнөд Солонгос, Изриаль хоёр. Манай улс шинжлэх ухааны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаараа хамгийн сүүлд ордог. Манай улс шинжлэх ухааны салбартаа 2023 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0,1 хувийн санхүүжилт өгсөн. Уг санхүүжилт нь дэлхийн дунджаас 20 дахин бага үзүүлэлт. Ийм бага мөнгийг 2028 он гэхэд дэлхийн жишигт хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Өнөөдөр 2026 он. Хоёр жил дутуу байна. Гэвч хэрэггүй төсөлд хөрөнгө оруулж, хоосон байшин барьсаар. Эрдэмтэд, шинжлэх ухааны салбарынхан “хог дээр хаягдсан” хэвээр.
Дэлхийн алдартай брендүүд, бизнесүүд бол тухайн улсынхаа эрдэмтдийн санаа бөгөөд төр засгийн зөв бодлого, оновчтой, хангалттай хөрөнгө оруулалтын л үр дүн. Үүнийг шинэ шийдэл, инноваци гэдэг. Монгол Улс аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал гэгчид нэгдэн, Япон лугаа адил хөгжинө гэж тунхагласан. Гэвч Японд айлчлах, Японы зочдыг урьж авчрахаас хэтэрсэнгүй. Ядаж л Японы эрдэмтдийн туршлагаас судласангүй. Өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаж эрдэмтдээ дэмждэггүй юмаа гэхэд Японоос хөрөнгө татаж Шинжлэх ухааны академидаа, эрдэмтэддээ нэмэр болсонгүй.
Зүй нь бол улс орноо хөгжүүлье, шинэ бүтээл гаргаж, дэлхийд танигдъя гэсэн зорилготой олон эрдэмтэд бий. Тэд ёстой нөгөө “ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг шиг, мянган шинэ бүтээл, сайн шийдэл байлаа ч сохор зоосны дэмжлэггүй төрд хэлэлгүй дотроо нуусаар нартаас буцдаг. Одоо 126 гишүүнтэй парламент 2027 оны төсвийг батлахдаа шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийн хэмжээг нэмэх эсэхээс хамааран 2028 онд хүрэх зорилтын эхлэл тавигдана. 1988 оны залуу Ерөнхий сайд шинжлэх ухааны салбарт эрдмийн зэрэг хамгаалсан, бараг эрдэмтэн хүн. Энэ салбарт хэр хэмжээний төсөв нэмж хөрөнгө оруулж, түүнийг нь гишүүд хэрхэн батлахыг харъя. Хүнгүй шахуу суманд соёлын төв, ахмадын өргөө, бүжгийн заал барихаас илүүтэй, зам тавьж, байшин барилгад төсөв суулгахаас илүү чухал нь эрдэмтийн судалгааны бүтээл, ном тохимол, цалин мөнгөнд түлхүү анхаарах нь чухал.
Үүнийг ч УИХ-ын удирдлага онцгойлон анхааралдаа авч, оройлон манлайлж, түүчээлэн тэргүүлж Д.Рэгдэл, С.Зулпрах, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, Б.Бейсен, Д.Ганмаа, Ж.Чинбүрэн, Лу.Гантөмөр, Н.Учрал, Г.Лувсанжамц, Ж.Галбадрах, П.Наранбаяр тэргүүтэй доктор, профессоруудаа түшиглэн, лоббидож ШИНЖЛЭН УХААНЫ САЛБАРАА ШИНЭ ТҮВШИНД гаргаж ирвэл гадаадад ажиллаж, сурч төгссөн олон арван “ЗӨГИЙНҮҮД” үүрэндээ ирж, Монгол улс шинэ шатанд гарах түүхэн боломж нээгдэнэ. 126 гишүүнтэй энэ парламент эрдэмтэн судлаачид олонтой учраас ҮЛГЭР ЖИШЭЭ ГАРГАЖ, гудамжинд байгаа эрдэмтдээ төрийн толгойд залж, төсөв мөнгийг нь нэмчихвэл манай Монгол улс МАНДАН БАРДАХ нь баарагггүй юм.
Холбоотой мэдээ
-
2026-06-26
-
2026-06-26
-
2026-06-26