БЕЛАРУСЬ УЛСЫН ДУУРЬ, БАЛЕТЫН ИХ ТЕАТРТ “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ ТОЛИЛУУЛЛАА
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 7 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсад айлчиллаа. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын “Монголын сайхан орон” тоглолт болон гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн Минск хотын Үндэсний эрдмийн дуурь, балетын их театрын тайзнаа 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын сайд Марат Сергеевич Марков нар нээж үг хэлэхдээ хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа 2024 оноос идэвхжиж, залуу эрдэмтдийн холбоо, хамтарсан судалгааны боломж өргөжлөө. Энэхүү ажлын хүрээнд 2025 онд “Салбар дундын шинжлэх ухаан: Тогтвортой хөгжлийн төлөөх залуу эрдэмтдийн хамтын ажиллагаа” чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Түүнчлэн Беларусийн эрдэмтэн Владимир Иванович Куликович “Монголын нууц товчоо”-г беларусь хэлээр орчуулан 2025 онд хэвлүүлсэн нь сурвалжийг албан ёсоор орчуулсан 34 дэх улс болсныг онцоллоо.

Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний уламжлалт урлагийн төрлүүдийг дэлхийн сонгодог урлагийн дээжистэй хослуулан толилуулсан бол монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжсээс бүрдсэн үзэсгэлэнг тоглолтод хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулан сурталчлав.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.