АН-ынхан Н.УЧРАЛЫН АЛБАН ТУШААЛЫГ барьцаалж ЗАСАГТ ХАМТРАХ гээд байна уу, эсвэл...
Батхуяг
Нийтлэл
/
2 цаг 1 мин

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлсэнтэй холбоотойгоор сөрөг хүчин МАН-ын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй хэмээн улстөрийн акц өрнүүлж, чуулганы хуралдааныг бойкотлож эхлэв. Энэ нь наанаа улстөрийн сөрөг хүчний жинхэнэ хүчтэй акц мөн боловч цаанаа хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа хэвийн бус горимд шилжиж, улмаар төрийн тогтвортой байдал сулрах эрсдэлтэй. Үүний цаад ҮР ДАГАВАРЫГ нь хөөрхий ард иргэд, татвар төлөгчид л хүртэнэ. Харин ҮР ДҮНГ нь АН-ын бүлгийнхэн амсана.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийхдээ “Эрх баригч намын дарга хэн байх нь чухал биш. Гагцхүү тэр намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй. Намынхаа гишүүдэд танилцуулсан УЛСТӨРИЙН ИЛТГЭЛЭЭ чуулганы танхимд уншиж байгаа нь зөрчил. Бид сонгодог парламентыг хөгжүүлж, дархлааг нь хамгаалах ёстой. Иймийн тулд Н.УЧРАЛ намын даргын хувьд сул гишүүн болж, өөр хүнээр УИХ-ын үйл ажиллагааг удирдуулах ёстой. Магадгүй дэд дарга нар нь чуулганаа удирдаж болно. Азид жишиг болсон ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН дарга нь нам бус хүн байдаг. Түүнчлэн намын бүлгийн хуралд ч оролцдоггүй. Германы парламент ч ийм. АНУ- ч манайх шиг биш. Тийм учраас Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга Н.УЧРАЛЫГ  даргаасаа буух, эсвэл намын даргаасаа болих хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй” гэсэн улстөрийн байр сууринд АН-ын бүлгийн 42 гишүүн нэгдсэн гэв. Энэ шийдвэрээсээ буцахгүй. Хэрэв бидний шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол ОГЦРУУЛАХ АЛБАН БИЧИГТ гарын үсэг цуглуулна гэв.

За ингээд дангаараа 10 жил төрийн эрх барьж буй МАН-ынхан “ацан шалаа”-нд орж, төрийн ажил гацаж эхлэв. Энэ улстөр хэдий болтол үргэлжлэхийг хэн ч таашгүй. 2024 оны улстөрийн сонгуулиар МАН 68 суудал авч, Засгийн газар байгуулах, УИХ-ыг удирдах эрхээ авсан ч дотоод улстөр буюу эрх мэдлийн төлөөх тэмцэл хийгээд нэг нэгнийгээ нухчин дарж байна. Энэ үйл өрнөл нь АН-ынханд л завшаан болов.  

Сөрөг хүчин ийм хэмжээний улстөрийн акц хийх нь зөв. Ингэх ч ёстой. Ардчилсан нам Монголын улстөрд гол тоглогч хүчин хэвээрээ шүү гэдэг ойлголтыг өгч, эрх баригчдыг улстөрийн аргаар ШАХААНД ОРУУЛЖ, эвлэрч ойлголцохгүй, хамтарч нягтарч ажиллахгүй бол, зөвшилцөж ярилцахгүй бол ТӨРИЙН АЖИЛ ГАЦАХ ЭРСДЭЛТЭЙ ЮМ БАЙНА гэдгийг ойлгуулав. Энэ л АН-ын ялалт.

АСУУДЛЫН ГОЛ нь хаана байна вэ...?

АН-ын шаардлагын хариуд МАН-ын шинэ болон туршлагатай гишүүд дараах тайлбарыг өгч байх юм. Өмнө нь АН-ыг эрх барьж байхад УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга байсан. Хоёрдугаарт МАН-ын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй гэсэн ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ. Хэрэв тийм хууль байвал дагаж мөрдөнө. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой” гэсэн хариу өгөөд буй.

ХУУЛЬ байгаа юу..? Хууль зохиох уу...

Эрх баригч намын дарга нь УИХ-ыг удирдаж болно, эсвэл болохгүй гэсэн яг таг заалт УИХ-ын дэгийн тухай хуульд байхгүй. Байхгүй гэдэг нь БАЙЖ БОЛНО гэсэн үг биш. Ямар нөхцөл байгаагааг хамаарна гэсэн л ерөнхий ойлголт. Ийм тохиолдолд сөрөг хүчнийхэнд ХУУЛЬ САНААЧЛААД батлуулах, түүнийгээ батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдүүлэх боломж бий. Тэд намар 2025 оны 11 дүгээр сарын дундуур УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болох үед яг ийм төрлийн хууль санаачилж өргөн барьсан. Хуулийг хэлэлцээгүй. МАН-ын дотоод тэмцэл эд хүчтэй өрнөж байсан учраас ард түмэн ч ойлгоогүй. Тэгэсгээд мартагдсан. Харин одоо Н.УЧРАЛЫН эрх мэдлийн өрөгт саад болоод гараад ирсэн. Нэг сонин зүйл нь АН-ынхан МАН-ын дарга Н.УЧРАЛЫГ УИХ-ын даргаар сонгох чуулганы хуралдаанд оролцож дэмжсэн баримт бий. Энэ тухай нь тодруулахад “АН-ын бүлгийнхэн Н.УЧРАЛТАЙ уулзаад бидний хуулийг хэлцэлэн батлах юм бол бид таныг УИХ-ын даргаар дэмжинэ” гээд аман тохироо хийчихсэн аж. Н.Учрал ч яахав УИХ-ын дарга болохын тулд тэдний саналыг толгой дохиод л дэмжсэн хэрэг. Харин дарга болонгуутаа хэлснээсээ буцсан болж таараад байна. Энэ бол АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн ярьсан яриа.

Эндээс дүгнэвэл НАМЫН ДАРГА НЬ УИХ-ЫН ДАРГА БАЙЖ болохгүй гэх хуулийн төсөл Ж.Бат-Эрдэнэ дэд даргын ширээний нүдэнд хав дараатай байгаа аж. АН-ынхан Д.Амарбаясгаланг огцрохоос өмнө Ж.Бат-Эрдэнэд өргөн барьсан ч өнөөдрйиг хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй.

Эрх баригчид ингэж УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж болох уу... Өөрсдийнх нь намын даргын эрх мэдлийн асуудал яригдаж байгаа учраас ТЭД ГАЦААСАН болж таарав уу...

Нөгөөтэйгүүр, АН-ын улстөрийн энэ акц нь Засгийн газарт хамтран ажиллах, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийгаа дэвшүүлэх зэрэг улстөрийн НАЙМАА байж болох юм. Нэг зүйл анхаарал татаж байгаа юм. Учир нь яагаад З.ЭНХБОЛД АН-ын дарга байхдаа УИХ-ын давхар дээл өмсөж болдог, Н.УЧРАЛ МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга хийж болдоггүй юм бэ гэсэн асуултын хариуг олохгүй байгаа явдал.

Монгол улс Ардчилсан парламенттай, бие даасан бодлоготой улс. Гадны соёлтой улсын соёлыг нутагшуулахын тулд баа бээгүй хуулж, адилхан хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Заавал ЯПОНЫ ПАРЛАМЕНТ, эсвэл ГЕРМАНЫ Бундестагыг дуурайж хэлбэрдэх албагүй. Үүнийг СОНГОДОГ ПАРЛАМЕНТ гэхгүй. Харин өөрийн улсын онцлог, парламентын загвартаа тааруулж, тохируулга хийж болно. Энэ өнцгөөс харвал АН-ын бүлгийн гишүүдийн УЛСТӨРИЙН АКЦ зүгээр л ЗАСАГТ ХАМТАРЧ, улстөрийн НАЙМАА ХИЙХ СОНИРХОЛ БАЙНА гэж харж болохоор байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.