БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам (MOLIT) нь хотын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Сөүл хотын иргэдээс дахин төлөвлөлтийн боломжит байршлын саналыг хүлээн авч эхэллээ. Энэхүү бодлогын хүрээнд зөвшөөрлийн үйл явцыг хялбаршуулж, барилгын давхар талбайн харьцаа буюу Floor area ratio (FAR)-ийг 1.4 дахин нэмэгдүүлэх урамшууллыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын Сэжун цогцолборт болсон хэвлэлийн уулзалтын үеэр MOLIT-ийн Орон сууцны бодлогын газрын Хотын орон сууцны бодлогын хэлтсийн дарга Ли Кён Хо уг мэдээллийг танилцууллаа.
Төсөл хэрэгжүүлэх шинэ сонгон шалгаруулалт
MOLIT нь хуучирсан хот суурин бүсэд шинэ орон сууц нийлүүлэх зорилготой “Хотын нийтийн орон сууцны цогц төсөл”-ийн хүрээнд шинэ байршлуудын сонгон шалгаруулалтыг 2026 оны 3 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 8-ны хооронд зарлаж байна. Эхний шатанд Сөүл хотыг хамруулах бөгөөд эцсийн байршлуудыг 6 дугаар сард тодруулах юм. Бусад бүс нутгуудад энэ оны хоёрдугаар хагаст дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Төслийн онцлог, давуу тал
Энэхүү төсөл нь хувийн хэвшлээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, ашиг багатай хуучирсан бүсүүдэд төрийн оролцоотойгоор орон сууц, нийгмийн дэд бүтцийг (SOC) цогцоор нь богино хугацаанд нийлүүлэхэд чиглэдэг.
Хувийн хэвшлийн дахин төлөвлөлтийн төслүүдтэй харьцуулахад:
- Илүү өндөр барилгын давхар талбайн харьцаа буюу Floor area ratio (FAR) олгох,
- Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах,
- Менежментийн төлөвлөгөө батлах зэрэг үе шатуудыг алгасах замаар төслийг түргэн хэрэгжүүлэх боломж бүрддэг нь гол давуу тал юм.
Мөн нэмэлт урамшууллаас үүсэх ашиг орлогыг тухайн байршлын иргэдэд буцаан хүртээж, шинэ орон сууцыг зах зээлийн үнээс доогуур нөхцөлөөр давуу эрхтэйгээр олгох зохицуулалттай.
Хэрэгжилтийн явц

2021-2023 оны хооронд MOLIT нийт 10 удаагийн сонгон шалгаруулалтаар 49 байршлыг (87,000 айлын орон сууц) тодруулсан. Үүнээс:
- 29 байршил (48,000 айл) нь төслийн бүсээр баталгаажсан
- 9 байршил (13,000 айл) нь төслийн зөвшөөрөл авсан байна
2026 онд Инчоны Жэмүлпү өртөө орчимд анхны барилгын ажил эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийслэлийн бүсэд нийт 50,000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах зорилт дэвшүүлжээ.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн шинэ механизм
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад анх удаа иргэд өөрсдөө санал гаргах нээлттэй механизмыг нэвтрүүлсэн. Өмнөх жилүүдээс ялгаатай нь байршил сонгох шатнаас эхлэн оршин суугчдын санал бодлыг тусгах боломж бүрдэж байна.
Насжилт, талбай зэрэг шалгуурыг хангасан бүсийн оршин суугчид MOLIT-ийн цахим хуудсанд байршуулсан маягтын дагуу материалыг бүрдүүлэн тухайн дүүргийн захиргаанд хүргүүлснээр оролцох боломжтой.
Төрлөөр нь авч үзвэл:
- Орон сууц-худалдааны өндөр нягтралтай бүс (буудлын орчим) нь дор хаяж 5,000 м.кв талбайтай, буудлын платформын хилээс 350 метрийн радиуст байрлах, 20-иос дээш жилийн насжилттай барилгын эзлэх хувь 60-аас доошгүй байх шаардлагатай.
- Орон сууц-үйлдвэрлэлийн хосолсон бүс (хагас үйлдвэрлэлийн бүс) нь мөн 5,000 м.кв-аас дээш талбайтай, тухайн бүс дэх хуучин барилгын эзлэх хувь 60-аас доошгүй байх шаардлагатай.
- Харин орон сууцны нийлүүлэлтийг дэмжих бүс (нам давхар орон сууцны бүс) нь 10,000 м.кв-аас доошгүй талбайтай, 20-иос дээш жилийн насжилттай барилгын эзлэх хувь 60-аас доошгүй байх шаардлагатай.
Нийтлэг шаардлагын хувьд оршин суугчдын дунд санал зөрөлдөөн үүсэх магадлалтай, эсвэл олон төсөл давхцсан бүсийг сонгон шалгаруулалтаас хасах боломжтой.
Сонгон шалгаруулалтын үйл явц
Нутгийн захиргаанууд нь оршин суугчдаас ирүүлсэн болон өөрсдөө тодорхойлсон байршлуудад анхан шатны үнэлгээ хийж, оролцох хүсэлтэй иргэдийн хувь, орчны хөгжлийн нөхцөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр MOLIT-д санал хүргүүлнэ.
MOLIT нь санал болгосон байршлуудад эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийж, төслийн хэрэгжих боломж, хүлээгдэж буй үр нөлөөг цогцоор нь үнэлсний үндсэн дээр сонгон шалгаруулах хороогоор эцсийн шийдвэрийг гаргана. Мөн 3 дугаар сарын 24, 31-ний өдрүүдэд орон нутаг дээрх танилцуулга уулзалтуудыг зохион байгуулж, иргэд болон дүүргийн захиргаанд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ
-
5 цаг 11 мин
-
9 цаг 54 мин
-
9 цаг 56 мин
-
9 цаг 57 мин
-
Өчигдөр 19 цаг 20 мин
-
Өчигдөр 16 цаг 24 мин
-
Өчигдөр 16 цаг 21 мин
-
Өчигдөр 16 цаг 18 мин
-
Өчигдөр 16 цаг 15 мин
-
Өчигдөр 16 цаг 11 мин
-
Өчигдөр 16 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 27 мин
-
2026-03-18
-
2026-03-19
-
Өчигдөр 19 цаг 20 мин