Хонконгийн барилга дахин төлөвлөлт: Түүхэн өв ба орчин үеийн хөгжлийн уялдаа
Бямбажаргал
Үйл явдал
/
2 цаг 25 мин

Өндөр нягтралтай, газар нутгийн хомсдолтой хотуудын хувьд барилга дахин төлөвлөлт нь хотын хөгжлийн зайлшгүй хэрэгсэл болдог. Хонконг хот нь энэ чиглэлээр “adaptive reuse” буюу барилгыг шинэ зориулалтаар ашиглах арга барилыг амжилттай хэрэгжүүлж буй жишээ бөгөөд хотын түүхэн өв, орчин үеийн хэрэгцээг уялдуулах бодлогыг хэрэгжүүлж байна.

Хонконг нь колони түүхтэй хотын хувьд архитектурын өв нь зөвхөн барилгын хэлбэр хийц бус, нийгэм, улс төр, соёлын утга агуулгыг илэрхийлдэг. Иймд дахин төлөвлөлтийн явцад “ямрыг хадгалах, юуг шинэчлэх вэ?” гэсэн асуулт нь зөвхөн техникийн шийдвэр биш, харин олон нийтийн оролцоо, бодлогын түвшний чухал асуудал болдог. Хотын удирдлагууд хуучин барилгуудыг бүхэлд нь нураахын оронд шинэ функцтэй уялдуулан ашиглах стратегийг сонгосон нь тогтвортой хөгжлийн зарчимтай нийцэж байна.

Энэхүү бодлогын хүрээнд хэрэгжсэн томоохон төслүүдийн нэг бол Tai Kwun юм. Уг төсөл нь хуучин цагдаагийн төв байр, шоронгийн цогцолборыг сэргээн соёл, урлагийн төв болгон өөрчилсөн бөгөөд түүхэн барилгуудыг орчин үеийн архитектуртай хослуулсан нь онцлог юм. Төслийн хүрээнд хуучин чулуун ханатай барилгуудыг хадгалж, тэдгээрийн дунд орчин үеийн материал, шилэн хийц бүхий шинэ байгууламжуудыг нэмж байршуулсан. Энэ нь өнгөрсөн ба одоогийн архитектурын харилцан яриаг илэрхийлж, хотын соёлын давхаргыг баяжуулсан.

Өөр нэг онцлох жишээ бол PMQ төсөл юм. Анх цагдаагийн албан хаагчдын гэр бүлийн орон сууц байсан энэхүү барилга нь дахин төлөвлөлтийн хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төв болгон өөрчлөгдсөн. Төслийн хүрээнд хуучин барилгуудыг хадгалж, дунд нь орчин үеийн шилэн бүтэц бүхий орон зайг нэмснээр олон зориулалттай талбай бий болгосон.

PMQ нь өнөөдөр дизайнерууд, уран бүтээлчид, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орон зай болж, хотын бүтээлч эдийн засгийг дэмжих чухал үүрэг гүйцэтгэж байна. Түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр жижиг бизнесүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн нь эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Хонконгийн дахин төлөвлөлтийн бодлого нь байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. Хуучин барилгуудыг дахин ашиглах нь шинэ барилга барихтай харьцуулахад материалын хэрэглээг бууруулж, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгадаг. Мөн архитектурын өвийг хадгалснаар хотын онцлог, түүхэн дүр төрхийг хамгаалж чаддаг.

Гэсэн хэдий ч энэ төрлийн дахин төлөвлөлт нь сорилтгүй биш юм. Хуучин барилгуудыг орчин үеийн стандарт, аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх нь ихээхэн хөрөнгө, инженерийн шийдэл шаарддаг. Үүнээс гадна хотын өндөр нягтрал, орон сууцны хэрэгцээ нэмэгдэж буй нөхцөлд зарим барилгуудыг буулгах шаардлага гардаг. Энэ нь нийгэм, эдийн засаг, соёлын ашиг сонирхлын зөрчил үүсгэх шалтгаан болдог.

Иймд Хонконгийн туршлагаас харахад барилга дахин төлөвлөлт нь зөвхөн архитектурын асуудал бус, харин нийгэм, эдийн засаг, соёлын олон талт хүчин зүйлсийг уялдуулах цогц үйл явц юм. “Adaptive reuse” арга нь хотын түүхэн өвийг хадгалах, орон зайн хомсдлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хонконг хотын барилга дахин төлөвлөлтийн туршлага нь өндөр нягтралтай хотуудын хувьд хуучин барилгыг шинэ утгаар “амилуулах” боломжийг харуулж байна. Энэ нь ирээдүйн хот байгуулалтын чухал чиг хандлага бөгөөд бусад хотуудад хэрэгжүүлэх боломжтой загвар гэж үзэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.