Улс орон даяар “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” эхэллээ
Батхуяг
Үйл явдал
/
47 мин

Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” улсын хэмжээнд 5-р сарын 13-15-ны өдрүүдэд болох юм.  Тус сургуульд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, олон улсын байгууллагууд хамтран оролцож байна.

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт зарлан мэдээллийн дохио өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Болзошгүй гамшиг, осол эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулж иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улсын хэмжээнд нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг үнэн зөв нэг урсгалаар түгээх зэрэг нь нэн тэргүүний үндсэн үүрэг юм. Бидний хийж байгаа энэхүү сургалт, бэлтгэл нь зөвхөн өнөөдрийн үйл ажиллагаа биш, харин иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах ирээдүйн баталгаа юм. Тиймээс оролцогч бүр идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцож, харилцан суралцсан бодит үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дадлага сургуульд улсын хэмжээний 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид болон ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, яам, агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөлөл оролцож байна.

Оролцогчид гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, гамшгийн үеийн эрх зүйн зохицуулалт, нийцлийг үнэлэх, шуурхай штаб, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадвараа дээшлүүлж, салбаруудын харилцан ажиллагаа, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах юм.

Команд штабын сургуулилтын хүрээнд:

• Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах;

• Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх;

• Гамшгийн үед байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох;

• Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах;

• Эрүүл мэндийн салбарын тогтвортой ажиллагааг хангах чадавхыг нэмэгдүүлэх;

• Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн осол зэрэг болзошгүй эрсдэлийн үед ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.