Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Д.БАЯРБААТАРТАЙ ярилцлаа.
“Мөнхөд орших Монгол” агуулгын хүрээнд энэ жилийн баяр наадмыг найруулж, одоо үзэгчдийн хүртээл болгож байна. Гол онцлог нь юу байх вэ?
Монголчуудын сүр хүч, оюун санааны дархлаа, эв нэгдэл, уламжлал, соёлыг илэрхийлсэн гол баяр нь цагаан сар, үндэсний их баяр наадам хоёр. Наанаа баяр наадам, наадгай, хөөр хөөрцөг болж байгаа мэт боловч цаагуураа Монголчуудын ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА, эв нэгдлийн зангилаа, сүр хүчийг олон улсад, зочид төлөөлөгчдөд таниулан илэрхийлж байдаг. Энэ бол гайхамшиг. Бидний хувьд энэ жил хамгийн цэгцтэй, цэмцгэр наадмыг соёл урлаг, хүч чадал талаас нь харуулахаар зорьж, богино хугацаанд их хүчээр бэлтгэж ирсэн. 700 гаруй бүжигчин бүжинэ. Ингэхдээ угсаатан угсаатан, бүсчилсэн хөгжлийн соёл бүрийг шингээж агуулсан байхаар тооцож, хамгийн сүүлд нь ИХ МОНГОЛЫНХОО сүр хүчийг толилуулна. Өмнөх жилүүдэд гарч байсан алдаануудыг аль болох л алдаа гаргахгүйн төлөө ажилласан.
Гол тайз үзэгчдийг халхалдаг, гэрийн тооныг тэрэгний дугуй болгож өнхөрүүлдэг гээд жижиг сажиг алдаа үзэгчдийн нүдэнд их хурдан өртдөг дөө?
Өмнө жилүүдийн нээлтэд ийм алдаа гарсан гэж соргог үзэгчид шүүмжилдэг. Энэ жилийн тухайд голд байрлах НАРАН ТАЙЗ маань автоматаар онгойчихно. Саран тайзыг урлагийн тоглолт дууссаны даруу зөөгөөд холдуулчихна. Хөнгөн, амар аргаар шийдсэн.
Хэд орчим уран бүтээлч наадмын нээлтэд оролцох вэ?
Одоогийн байдлаар 2000 орчим хүн байна. Нийт баг. Эдгээрээс 1400 гаруй нь бүжигчид, дуучид, урлагийн гол номерууд. Арын алба, зураглаач, техникийнхэн гээд бий, бий. Маш том хэмжээний нүсэр зохион байгуулалттай учраас олны хүчээр нь ард нь гарна шүү дээ. Хүмүүсээс гадна 80 гаруй морь, 20 гаруй сарлаг, 10 хэдэн тэмээ, 9 цаа буга гээд нэлээд олон бий. Хийсвэр ганган гэхээс илүүтэй цэгцтэй, хүчтэй, эвтэй, үндэсний соёлын дархлааг таниулсан нээлт болно. 700 гаран бүжигчин оролцсон наадам гэхээр нэлээд нүсэр байгаа биз.

Наадмын нээлтээ орой нь даваж үзүүлэх байх. Түүнээс гадна “Дэлхийн адууны өдөр” гээд том арга хэмжээ болно. Тийшээ бас урлаг баг гаргах уу?
Бид зөвхөн наадмын нээлт, хаалт, оройн давталтаа л хариуцна. Хүй долоон худагт тусгай соёлын үйлчилгээ болдог.
Жил бүр хэл ам татладаг гол зүйл нь өчнөөн их цаг хугацаа, хөрөнгө хүчээ зарцуулчихаад дараа нь цалин мөнгөө авч чаддаггүй, тохирсоноосоо багыг авдаг гэх мэт ярианууд гардаг шүү дээ?
Энэ жилийн наадмын нээлтийн зохион байгуулалтын төсөв өмнөх жилүүдийнхтэйгээ адилхан юм билээ. Гэхдээ оролцох дуучид нь хоёр дахин, бүжигчид нь дөрөв дахин их хүн байгаа гээд боддоо. Төсөв мөнгө нь хүрэлцээ хангамж тааруухан л байх болов уу. Аль болох л хүргэх гэж зүтгэнэ дээ.
Жижигхэн алдаа гарахад л шууд Ерөнхий найруулагчийн нэр гардаг. Та хэр айдастай байна вэ?
Би маш их айдастай байна. Монголын ард түмэн чинь асар соргог, их ухаантай ард түмэн. Мэдрэмж, соёл өндөртэй. Ийм хүмүүсийн өмнө худлаа амлаж, хуурч, халтуурдаж болохгүй. Гэхдээ би цэгцтэй, алдаагүй найруулга хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Нэг анхаарч, өөрийгөө хүчлэж байгаа зүйл нь аймгийн наадам биш шүү, Монгол төр, ард түмний наадам шүү хариуцлагатай байгаарай гэдэг үгээр л өөрийгөө ташуурдаж байна.
Өмнө нь олон л наадам найруулсан хүн. Шүүмжлэл хүлээж байсангүй. Ер нь шүүмжлүүлж байв уу..?
Говь-Алтай аймгийн соёл, заншил өөр. Увсынх өөр. Алдаа гаргадаггүй хүн гэж хаана байх вэ. Шүүмжлэл, зэмлэл даахгүй бол ямар юмных нь найруулагч болох билээ. Би алдаатай, хуудуутай найруулга хийж, ард түмнээ доромжилж, уурлуулж болохгүй. Гэхдээ шүүмжлэлгүй төгс зүйл бүтээж барахгүй. Шүүмжлэл гэдэг чинь миний ташуур, миний урам, ихүү ихийг хийж бүтээх шинэ санаа гэж хүлээж авдаг.
Наадмын нээлтээс юуг хүлээж байна вэ?
Ямар сайхан, цэгцтэй гоё наадам болов оо гэсэн ард түмний алга ташилт, урмын үгийг л хүлээж байна даа.
Баярлалаа, сайхан наадаарай.
За баярлалаа.
Холбоотой мэдээ
-
4 цаг 37 мин
-
4 цаг 41 мин
-
7 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 14 цаг 59 мин
-
2026-07-06
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
2026-07-06
-
Уржигдар 16 цаг 09 мин