ДГ: “ҮР ДҮНТЭЙ ХИЧЭЭЛ – ИДЭВХТЭЙ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ–2025” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-18

Дундговь аймгийн зүүн бүсийн сумдын ЕБС-ийн мэргэжлийн багш нарын дунд зохион байгуулах “Үр дүнтэй хичээл-Идэвхтэй сургалтын арга зүй-2025” сайн хичээлийн арга зүйг түгээн дэлгэрүүлэх зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөний зорилго нь ээлжит хичээлийн төлөвлөлтийг чанаржуулан суралцагчдын идэвхтэй оролцоог дэмжих, суралцагч төвтэй хичээлийн соёлыг хэвшүүлэх, ээлжит хичээлд идэвхтэй сургалтын арга зүйг оновчтой хэрэглэсэн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, судлагдахууны онцлогт нийцсэн шинэ санаа, арга зүйг хуваалцан, багшийн судалгаа хийх чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн багш нарын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байгаа юм.

2025 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Математик, гадаад хэл, байгалийн ухааны төрөлжсөн сургалттай “Цэгц билиг” сургууль болон “Говийн-Ирээдүй” сургуульд хоёр өдөр зохион байгуулж байна.

Өнөөдөр болсон зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, багш нарын мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагааг дэмжих бодлого, зорилтын талаар онцлон тэмдэглэн үг хэлэв.

Зөвлөгөөнд ЕБС-ийн Захирал, сургалтын менежер, багш нар нийт 114 оролцогчид арга туршлагаа түгээн дэлгэрүүлж, хамтран суралцаж байна.

Зөвлөгөөний хүрээнд бүсийн ЕБ-ын 10 сургуулийн багш нар идэвхтэй сургалтын арга зүйг ээлжит хичээлдээ хэрэгжүүлж, суралцагчийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга туршлагаа харилцан түгээн дэлгэрүүлж байна. Бага ангийн Монгол хэлний 9 хичээлийг Говийн–Ирээдүй сургуулийн суралцагч нарт, ахлах дунд ангийн 36 хичээлийг Цэгц билиг сургуулийн суралцагч нарт нийт 45 хичээлийг суралцагч төвтэй, идэвхтэй сургалтын арга зүйгээр төлөвлөн зохион байгуулж, туршлагаа хуваалцах юм.

Мөн “Идэвхтэй сургалтын арга зүйг ээлжит хичээлд хэрэгжүүлснээр суралцагчийн оролцоог нэмэгдүүлсэн үр дүн, арга туршлага” сэдвийн хүрээнд илтгэл, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 10 багийн 27 багш оролцон илтгэл хэлэлцүүлнэ.

Үүнээс гадна бүсийн сургууль бүр “Нэг сургууль – нэг туршлага” уриан дор өөрийн хамгийн сайн арга зүй, туршлагаа бусад сургуульдаа түгээн дэлгэрүүлэлт хийж, хамтын суралцах соёлыг хөгжүүлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.