А.БАЯР: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ӨВЧТӨН ДЭЭР ТҮРГЭНИЙ ЭМЧ 20 МИНУТЫН ДОТОР ОЧДОГ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЕ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 38 мин

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Уулзалтад Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр, МШУТ-ийн Шуурхай удирдлагын хэлтэс (103)-ийн дарга, хошууч Д.Төгөлдөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд болон холбогдох албаныхан оролцлоо.

НИТХ-ын дарга А.Баяр “Энэхүү уулзалтыг зохион байгуулсан гол шалтгаан бол танай хоёр төв нэгдээд түргэн тусламжийн 103 дугаарт ирж буй дуудлагыг хүлээж авахдаа хэрхэн зөв эрэмбэлэх, ирсэн дуудлагад 20 минутын дотор очдог болох вэ гэдэг гарц гаргалгааг л олох. Нийслэлийн түргэн тусламжийн төв нийт дуудлагын 61 хувьд 20 минутын дотор очсон байна. Энэ хувийг бид нэмэгдүүлж байж эрдэнэт хүний амийг аварч хамгаална, тусламж хэрэгтэй хүнд цаг алдалгүй хүрэх чухал байна” гэв.

 

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр “Манай төв 24 цагт 7500-аас дээш дуудлага хүлээж авдаг. Хоногт дунджаар онцгой байдлын 105 дугаарт 500, цагдаагийн 102 дугаарт 4000, түргэн тусламжийн 103 дугаарт 3000 гаруй дуудлагыг хүлээн авч хариуцсан газарт нь шилжүүлэхээс гадна шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажиллаж байна. 103 дугаарын дуудлагыг хүлээж авч буй операторууд бүгд эмч мэргэжилтэй албан хаагчид бий” гэсэн тайлбарыг өглөө.  Харин 103 дугаарын дуудлагыг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэх боломжтой эсэхийг тус төвийн дарга С.Ариунболд тодруулахад хууль эрх зүйн хүрээнд боломжгүй байна.

 

Уулзалтын бүрэлдэхүүн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, 103 дугаарт ирж буй дуудлагыг хэрхэн хүлээж авч, шинж тэмдгээр эрэмбэлж байгаатай танилцлаа. Ингээд НИТХ-ын дарга А.Баяр яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалтыг хийх, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагууд дотооддоо зохион байгуулалт, менежмент яаралтай хийх, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс шаардлагатай мэдээллээр хангах, хоорондоо хамтарч ажиллах чиглэл өглөө. Шаардлагатай автомашиныг нэмэгдүүлж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн салбар эмнэлгүүдийн дарга нарын хувьдаа ашиглаж буй түргэний машиныг ч мөн 103 дуудлагад ашиглахыг үүрэгдэж,  сарын хугацаанд хэрэгжүүлж, танилцуулах үүрэг өгөв. 

Түүнчлэн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн “112” нэгдсэн дугаарлалтад үе шаттай шилжүүлэх ажлын явцын талаар танилцуулж, дуудлага, мэдээлэл хүлээн авах дамжуулах үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа шилэн кабелын дэд бүтцийн засвар, арчилгаа болон шилэн кабел суурилуулах, засварлахад шаардагдах өргөгч краны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Дээрх асуудлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдвэрлэх боломжтой гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр илэрхийллээ.

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.