АН: Инфляц 13 хувьд, хүнсний инфляц 23 хувьд хүрсэн энэ нөхцөлд мөнгөний бодлого хамгийн чанга түвшинд байна
Батхуяг
Үйл явдал
/
49 мин

 

Ардчилсан намаас өнөөдөр /2026.09.10/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.


УИХ-ын гишүүн Б.Жаргалан

-Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн хилс хэрэгт буруутгах явдал өнөө хэр тохиолдсоор байгаа. Тиймээс бид Ардчилсан Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалан дээдлэх, олон ургальч үзлийг хүндэтгэх энэ зарчимдаа ямагт үнэнч байх ёстой. Энэ долоо хоногийн Даваа гаригаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн. Энэ хүрээнд байнгын хороодоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Ардчилсан намын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, инфляц өндөр байгаа энэ үед төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн учраас Засгийн газар нэн яаралтай төсвийн тодотголоо УИХ-д өргөн мэдүүлж, УИХ ээлжит бусаар төсвийн тодотголыг ирэх оны төсөв батлагдахаас өмнө хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Энэ хүрээнд УИХ төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол эдийн засгийн бодит нөхцөл байдалтай огт уялдаагүй байна. Эдийн засгийн нөхцөлийг дордуулах, инфляцийг хөөргөх төсвийн тодотгол өргөн мэдүүлсэн. Энэ талаар бид УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанаар зарчмын шүүмжлэлээ хүргүүлсэн.

Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд урсгал зардлыг 1 их наяд 152 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүний улмаас төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдэж, 2 их наяд 50 тэрбум төгрөгөөр өссөн нь бодит нөхцөл байдалд нийцсэн шийдэл огт биш.

Инфляц 13 хувьд, хүнсний инфляц 23 хувьд хүрсэн энэ нөхцөлд мөнгөний бодлого хамгийн чанга түвшиндээ байгаа. Монголбанк бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хэмжээг хамгийн дээд түвшинд хүргэсэн. Мөнгөний бодлого чангарч байхад төсвийн бодлого тэлж байгаа нь нэг талаас тормоз дарж, нөгөө талаас хазаар гишгэж байгаа мэт нөхцөл үүсгэж байна. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байгаа нь төсвийн бодлогоор дамжуулан инфляцийг цаашид улам хөөргөх эрсдэлтэй талаар мэргэжлийн байгууллагууд ч дуу хоолойгоо хүргэж байгаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Монголбанкны зүгээс төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал инфляц хоёр оронтой тооноос буурахгүй байх эрсдэлтэйг сануулсан.

Төсвийн бодлогоор инфляцийг бууруулах бус улам хөөргөх ийм бодлого хэрэгжүүлж байгаа нь Засгийн газрын эдийн засгийн алдаатай бодлого гэж үзэж байна. Энэ дашрамд хэлэхэд, зөвхөн төсвийн бодлогоос гадна наадмын үеэс эхэлсэн шатахууны үнийн өсөлт, мөн цахилгаан, эрчим хүч, дулаан, цэвэр ус зэрэг суурь үйлчилгээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор инфляц хэрхэн өсөх талаар дараагийн үнийн шок, давалгаа эхлээгүй байна гэж хэлж болно. Бид хүнд эдийн засгийн нөхцөл байдал руу орж байна. Аль болох үнийн өсөлтөөс сэргийлж, хувийн хэвшлээ дэмжих ёстой. Засгийн газар өөрөөсөө эхэлж, төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхотгох, давхардсан төсөл, хөтөлбөрүүдийг бууруулах замаар урсгал зардлаа танах боломжтой.

“ТӨСВИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ЁСТОЙ БАЙТАЛ ТӨСВИЙГ ТЭЛЖ, ЗАРЛАГА НЭМСЭН НЬ ГАЙХШРАЛ ТӨРҮҮЛСЭН”

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Үе үеийн Засгийн газар, тэр дундаа сүүлийн 10 жил засаг барьж байгаа хүмүүс хариуцлагагүй төсөв өргөн барьж, муу зуршилтай явж ирсэн нь өнөөдөр өргөн барьж байгаа төсвийн тодотголоос харагдаж байна. Төсөв өргөн барьж байгаа бол задаргаа гэдэг зүйлийг олон нийтэд ил тод танилцуулах хэрэгтэй. Гэтэл энэ удаагийн төсвийн тодотгол ямар ч задаргаагүй, битүү төсөв хэлбэрээр орж ирээд байна. Ямар ч ойлгомжгүй, УИХ-ын гишүүдэд өгч байгаа мэдээлэл маш дутуу байна. Төрийн дунд шатны албан хаагчид хариуцлагагүй мэдээлэл хүргэж байгаа нь маш их шүүмжлэл, эргэлзээ төрүүлж байна. Төсвийн тодотгол хийнэ гэдэг нь төсвийн зардлыг бууруулах ёстой байтал төсвийг тэлж, зарлага нэмсэн нь үнэхээр гайхшрал төрүүлж байна. Ахмад настнуудын суурь тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөр зэрэг асуудлаар төсвийн тодотголыг өргөн барьсан. Гэтэл Ерөнхий сайд Н.Учралын зүгээс 1 их наяд 142 тэрбум төгрөгийн урсгал зардлыг нэмэгдүүлсэн байна. Монгол Улсын төсөв үүнийг яаж даах вэ.

Ахмадуудын тэтгэвэр, төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь үнэхээр шаардлагатай асуудал. Гэтэл эсрэгээрээ өөр урсгал зардал, эд хогшил, гадаад томилолт, хурал цуглааны зардлыг нэмэгдүүлсэн байна.

“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн хувийн сургуулийн нэрийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир зарласан. Цаашдаа Монгол Улсын төсвийг ийм маягаар хэлэлцэж явна гэвэл иргэдийн амьдрал улам дарамтад орно. УИХ-ын гишүүд болон иргэд төсөв хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь анхаарал татаж байна. Хариуцлагагүй төсвийн тодотгол оруулж ирж байгаад сөрөг хүчний зүгээс маш шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байна гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.