
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.10) хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулав.
Хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд баталсан бөгөөд хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ хууль нь тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл, байршлыг харгалзан тооцож баталсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн учир энэхүү эрх зүйн зохицуулалт нь цаг үеийн шаардлагаа хангахгүй байгаа гэв. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж, дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг Ж.Алдаржавхлан гишүүн дурдсан.
Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд шинэ суурьшлын бүс байгуулах хот төлөвлөлт хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй, зөв оновчтой тооцож төлөвлөх, түүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Шийдвэр гаргагчдын зүгээс хүртээмжтэй, чанартай боловсролын талаар олон асуудал хөнддөг ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан хэмээн тэмдэглээд үүний улмаас сургууль, цэцэрлэггүй, сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй хотхон, хорооллууд маш их байгааг цохож, жишээ татаж байв.
Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад өөрчлөлт оруулан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлахдаа хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэв.
Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга батлагдсан төлөвлөгөөг үндэслэн газар олгохдоо түүнд хяналт тавих, мөн газар олголт нь батлагдсан төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар тайлагнах үүргийг хэрэгжүүлэхийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад нэмэлт оруулахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч болон хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, хот байгуулалтын мэргэжлийн байгууллагын үүрэг хариуцлага тодорхой болох аж.
Аймаг, нийслэлийн хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг төлөвлөхдөө нэн тэргүүний ээлжид хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг 250 өрх бүрд 1 цэцэрлэг, 1000 өрх бүрд 1 төрийн өмчийн сургууль байхаар тооцдог байна. “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй, нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий хотууд бий болно.
Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хот төлөвлөлтийн стандартад нийцэхгүй зөвхөн ашгийн төлөө арилжааны барилгууд ихээр баригдаж тухайн орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх ашиг хөндөгдөж, бага насны хүүхдүүдийн сурах эрх хязгаарлагдаж сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүйгээс хол газарт суралцах, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт зөөвөрлөх асуудал залуу гэр бүлүүдийн хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлөх, мөн хүүхдүүдийн хол газар зорчилт нь автозамын түгжрэлд голлох нөлөөг үзүүлж байгаа асуудал шийдэгдэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой аж.
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаар иргэд, олон нийтээс санал авахаар d.parliament.mn цахим хуудсанд байршуулсан, иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. М.Бадамсүрэн, П.Сайнзориг нарын гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хот төлөвлөлт гэдэг нь үндсэндээ хүний эрхийг хангах механизм бөгөөд энэ үзэл баримтлалд бүрэн нийцсэн хуулийн төслийг боловсруулсан гэж үзэж буйгаа гишүүд тэмдэглэж байв.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувийн саналаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус бүрд нь дэмжив. Иймд Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа зургаан асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна






-
1 цаг 30 мин
-
7 цаг 38 мин
-
Уржигдар 21 цаг 10 мин
-
Уржигдар 21 цаг 08 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин
-
Уржигдар 20 цаг 51 мин
-
2025-06-09
-
Уржигдар 21 цаг 10 мин
-
Уржигдар 20 цаг 51 мин
-
Уржигдар 21 цаг 08 мин
-
1 цаг 30 мин