Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 43 мин

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан билээ.

 

Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөрүүлжүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эцэслэн баталлаа.

Ингэснээр хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа үр нөлөөний үнэлгээг судалгаа, шинжилгээний байгууллага, судлаачаар хараат бусаар гүйцэтгүүлдэг байх зохицуулалт үйлчилнэ.

Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлж байх асуудлыг шинээр тусгаснаас гадна хуулиар хүний эрхийг хязгаарлах нөхцөлд тавигдах шалгуурыг хуульчилж өгчээ. Гагцхүү үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах шаардлагаар хүний эрхийг зарим хязгаарлаж болох бөгөөд энэхүү хязгаарлалт нь ялгаварлан гадуурхаагүй, зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх гэсэн хүний эрхийн суурь зарчим, шаардлагад нийцсэн байх зохицуулалтыг хуульд тусгажээ.

Тодорхой хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгсон зохицуулалт тусгахад тавигдах шаардлагыг илүү тодорхой болгосон ба хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, тухайн хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээнд нийцсэн байх, зохицуулах харилцааны хүрээг тодорхой тусгасан байх, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх нөхцлийг тавихаар болж байна.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд тодорхой зохицуулалтыг тусгасан байна.

Тухайлбал, холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгаж байхаар хуульчилжээ. Шинэчилсэн зохицуулалтаар боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд байршуулж, иргэд, олон нийтэд тухайн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар тогтмол мэдээлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссоос, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдсон хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос саналыг заавал авсан байх зохицуулалтыг тусгажээ.

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг төрийн аль байгууллага, хэдий хугацаанд хийж байхыг илүү тодорхой зохицуулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн бүлэг зохицуулалтыг уг хуульд тусгасан ба 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.