Самарканд хотноо Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд, Узбекистаны Шатрын холбооны Ерөнхийлөгч Абдулла Ариповтой Монгол Улсын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар улзаж, хоёр улсын шатрын холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шатрын спортыг хөгжүүлсэн сайн туршлагуудаа харилцан солилцох талаар санал солилцжээ. Узбекистаны шигшээ баг энэ удаагийн Дэлхийн шатрын олимпиадын нээлттэй ангилалд эх орондоо аваргалсан онцгой амжилт үзүүллээ. Дэлхийн шатрын томоохон арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж, нутагтаа олимпиадын аварга болсон Узбекистаны шатарчид, шатрын хамт олон, ард түмэнд баяр хүргэлээ.
Ерөнхий сайд А.Арипов уулзалтын үеэр манай эмэгтэй шигшээ багийн өндөр түвшний тоглолт, үзүүлсэн амжилтыг өндрөөр үнэлж, Монголын баг, тамирчид, дасгалжуулагчдад маань баяр хүргэсэн юм. Узбекистан сүүлийн жилүүдэд шатрын спортыг хүүхэд, залуусын боловсролтой уялдуулан хөгжүүлж, “Chess in Education” чиглэлээр бодит туршлага хуримтлуулж байна. Монгол Улс ч энэ санаачилгад нэгдээд байгаа энэ үед хоёр улсын шатрын холбоод албан уулзалтаа тогтмолжуулж, шатрын боловсрол, тамирчин бэлтгэх тогтолцоо, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн сайн туршлагаа харилцан солилцож, хамтын ажиллагаагаа албажуулах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм.
Олимпиадын аварга болсон улс Монголын шатрын туршлагыг сонирхож, бид ч тэдний бүтээсэн тогтолцооноос суралцана гэдэг өөрөө чухал. Шатар бол зөвхөн медаль, тэмцээний тухай биш. Хүүхдийг бодож сурах, шийдвэр гаргах, тэвчээртэй суух, хожил хожигдлоо зөв хүлээж авахад сургадаг боловсролын нэг хэлбэр. Узбекистаны боловсролын салбарт хийж буй өөр нэг шинэчлэл нь анхаарал татсан. Ерөнхий сайд А.Ариповын танилцуулснаар, Узбекистан хиймэл оюуны боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн V ангиас эхлэн нэвтрүүлэхээр бэлтгэж, энэ хүрээнд 35 мянган багшийг бэлтгэн, сурах бичгээ боловсруулжээ.
Хиймэл оюуныг боловсролд нэвтрүүлэхийн зэрэгцээ хүүхдийн өөрийнх нь бодох, дүгнэх, шийдвэр гаргах чадварыг орлуулахгүй байх нь чухал. Ийм учраас AI-ийн боловсрол, шатрын боловсрол хоёр бие биеэ нөхнө. Нэг нь хүүхдийг шинэ технологийн эринд бэлтгэж байхад, нөгөө нь тэр технологийг зөв ашиглахад хэрэгтэй шүүмжлэлт сэтгэлгээ, тэвчээр, стратеги боловсруулах чадварыг хөгжүүлдэг.
Самаркандад байх хугацаанд нэгэн зүйл улам тод мэдрэгдсэн нь Монгол, Узбекистан газар зүйн хувьд алс мэт боловч түүх, нүүдлийн соёл иргэншлийн улбаа, ахуй, үнэт зүйлсээрээ ойр ард түмэн гэдэг нь байлаа. Үүнийг өнөө цагт зөвхөн төрийн айлчлал, албан харилцаагаар бус, спорт, боловсрол, соёл, иргэн хоорондын харилцаагаар улам бататгах боломжтой.
Монгол Улс Төв Ази болон Зүүн хойд Азийн заагт оршдог газарзүйн онцлог бидэнд хоёр бүс нутгийн хооронд зөвхөн газар зүйн бус, хүмүүсийг, мэдлэгийг, технологийг, соёлыг, итгэлцлийг холбох боломж өгнө. Шатар бол тийм гүүрүүдийн нэг гэдгийг Самарканд дахин харуулсан билээ.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин
-
Уржигдар 16 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 57 мин
-
Уржигдар 09 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин