"Air Canada"-гийн нисгэгч 17 жил үнэмлэхгүйгээр нислэг үйлдсэн хэрэгт буруутгагджээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
7 цаг 16 мин

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Онтарио мужийн 59 настай Жеффри Уолл 2009 онд ахмад нисгэгчийн албан тушаалд дэвшсэнээсээ хойш хуурамч баримт бичиг ашиглан нислэг үйлдэж байжээ. Түүнд залилан болон баримт бичиг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Air Canada компани өнгөрсөн жил хуурамч бичиг баримт илэрмэгц Уоллыг үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлсөн бөгөөд уг асуудлыг сайн дураар Канадын Тээврийн яаманд мэдэгдсэн гэжээ. Мөн тус компани зорчигчдын аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учраагүй гэж мэдэгдсэн байна. Учир нь бүх нисгэгч зургаан сар тутам ур чадварын шалгалт, сургалтад хамрагддаг аж.

Торонтогийн бүсийн Пийл мужийн цагдаагийн газрын дэд дарга Ник Милиновичийн хэлснээр Уолл 1998 онд Air Canada-д ажилд орж, нийт 27 жил нисгэгчээр ажилласан байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар түүнийг 2009 онд ахмад нисгэгч болсон үеэсээ эхлэн мэргэжлийн үнэмлэх, эрхийн талаарх мэдээллээ хуурамчаар мэдүүлж ирсэн гэж үзжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Уолл сүүлийн 17 жилийн хугацаанд Boeing компанийн хэд хэдэн төрлийн онгоцоор дотоодын болон олон улсын нийт 900 орчим нислэг үйлдэж, сая сая долларын цалин авчээ. Гэвч энэ бүх хугацаанд шаардлагатай үнэмлэхгүй байсан байж болзошгүй гэж үзэж байна.

Хэргийг өнгөрсөн жил ээлжит үнэлгээний үеэр илрүүлжээ. Тухайн үед түүний үнэмлэхийн баримт бичигт зөрчил илэрсэн тул Канадын Тээврийн яам шалгалт эхлүүлсэн байна. Үүний дараа Пийл мужийн цагдаа нар эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгжлэг хийж, үнэмлэхийг шинжлэн шалгахад хуурамч болох нь тогтоогджээ. Уоллд энэ сарын 1-нд нийт долоон зүйл ангиар ял төлөвлөсөн бөгөөд үүнд залилан, баримт бичиг хуурамчаар үйлдэх, хуурамч тэмдэг, тамга эзэмшсэн зэрэг хэрэг багтаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.