УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА нарын санаачилсан ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ хоёр намын бүлгээс хамтарсан ажлын хэсэг гарч хуралдаад нэгдсэн шийдэлд хүр хэмээн буцаасан. Тэгвэл хоёр намаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд хуралдаж дараах шийдэлд хүрчээ. Энэ талаар Ж.БАЯРМАА гишүүн ийн бичсэн байна.
"УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийг нэгтгэх, цэгцлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачлагч өөрөө оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, төсөл өргөн баригдсаны дараа түүнийг хэрхэн өөрчлөхийг ажлын хэсэг шийддэг. Өчигдөр хуралдсан ажлын хэсэг бидний өргөн барьсан төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэхдээ “Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох” саналыг дэмжсэнгүй. Энэ нь тун харамсалтай.
Оронд нь зөвхөн 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1%-ийн татвартай болгох хувилбарыг дэвшүүлсэн. Бүх шатлалыг хамруулж чадаагүй ч энэ ангилалд нийт цалин авч буй иргэдийн 53% буюу бараг 500,000 орчим нь хамрагддаг тул саналыг хүлээн авахаас өөр сонголт байсангүй. Мөн нэг эерэг өөрчлөлт нь иргэдийн цалингийн 792,000 ₮-т төлсөн татварыг дараа нь буцаан олгохын оронд анхнаас нь татвараас чөлөөлж, 0%-тай байхаар тусгасан явдал юм. Дээрх өөрчлөлт батлагдвал 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188,000 төгрөг илүү үлдэнэ. Жишээлбэл:
• 2 сая ₮-ийн цалинтай иргэн татварт одоо төлдөг 10% буюу 200,000 ₮-ийн оронд 12,000 ₮ л төлнө.
• 5 сая ₮-ийн цалинтай иргэн 500,000 ₮-ийн оронд 312,000 ₮ татварт төлнө. Төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төсвийн байнгын хороогоор, Баасанд нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Гишүүд татвар төлөгчдийн эрх ашгийн төлөө дэмжинэ гэж найдаж байна. Энэ нь хэдий бүрэн ялалт огт биш ч татварын ачааллыг бууруулах бодлогын эхний бодит алхам, ахиц гэж бодож байна. Бид бүх дунд орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 1% болгох зорилгоосоо ухрахгүй бөгөөд цаашид ч энэ чиглэлээр ажиллах болно. гэжээ.
-
1 цаг 30 мин
-
7 цаг 8 мин
-
Өчигдөр 12 цаг 26 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Өчигдөр 14 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин