Н.МАНДУУЛ явж З.ТӨМӨРТӨМӨӨ Чингэлтэйг ЧИГЛҮҮЛЭХ ҮҮ...
Батхуяг
Нийтлэл
/
1 цаг 25 мин

Махны хэргээр ажлаа өгсөн Х.Нямбаатарын оронд МАН-ын бэлтгэгдсэн боловсон хүчин Б.Пүрэвдагва Улаанбаатар хотыг удирдаж эхлээд буй. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр томилогдсон Б.Пүрэвдагвын хувьд халаа сэлгээ хийхээ НИТХ-ын хурал дээр ил тод зарлачихсан. Тэр нь ч дээр биз. Хулгай, худлын сэтгэхүйтэй, ажил хийдүүлэх заншилтай, тэрбум, олон саяын гэрээгээр гарын үсгээ зурдаг өмнөх бүтцийг өөрчилж өөрийн багаа бүрдүүлэх нь ямар ч удирдагчийн хувьд байх ёстой л асуудал.

Ямартай ч баруун, зүүн гарын цэргүүд болох гол ажил хариуцаж нугалах нөхдүүдээ ерөнхийд нь цуглуулж, Засгийн газрын хуралдаанаар бүтцээ батлуулсан байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Б.Мөнхбат хэвээр үлдэх бол хоёрдугаар орлогч А.Амартүвшинг сольж түүний оронд Баянзүрхийн Засаг асан Г.Жаргалсайханг залж байгаа сурагтай.  Тэгээд томоохон төслүүдээ нэг нэг хүнд хариуцуулж, даалгаж байгаа гэнэ. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан томилгоо нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул ажлаа өгч буй явдал. Гэнэтхэн тооноор ороод ирсэн тэрбээр Х.Нямбаатартай хэтэрхий шадарлаж ойртсоор НИТХ-ын төлөөлөгч болсон. Түүний гол санхүүжүүлэгч эзэн нь “БОДЬ” групп. Чингэлтэйг МАНДУУЛНА гэж амласан ч Баянзүрдийн тойргийн БАГАНАТ ХӨШӨӨГ ШАТААСНААС өөр зүйл хийж чадсангүй.

Одоо түүний оронд хэн очих вэ гэдэг сонин. Мэдээж дүүргээ мэддэг, энэ дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч байх нь дамжиггүй. Б.Мөнхбат өмнө нь дүүргийн Засаг дарга 4 сар орчим хийсэн. Одоо Б.Пүрэвдагва даргын  нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаа юм чинь энэ албанаасаа дүүрэг рүү бууна гэж байхгүй. Олон цуглаж, тархиа тэжээдэг соёл урлагийн алтан тайз болсон СТӨ-ний даргаар ажиллаж буй Л.Ариунтуяа өмнө нь дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Дүүрэг, хороогоор дадлагажиж, төрийн ажил, улстөрийн амьдралд оролцож явсаар НИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Ямар ажиллаж үзээгүй салбар биш, дахиж дүүрэг рүү уруудахгүй байх. 

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн. Тэгээх НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөд боломж гарч ирж байна. З.Төмөртөмөөгийн хувьд НИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Ерөнхий сайд асан Г.Занданшатарын “шадар цэргээр” олон ажилласан. Хотын дарга Д.Сумъяабазарын хоёрдугаар орлогчоор ажиллаж, иргэдийн ахуй амьдрал, хот талбайн тохижилж зэрэг ажлуудыг хариуцдаг байсан. Х.Нямбаатар даргаас “Улаанбаатар орон сууцжуулалтын корпораци” ХХК-г удирдах даалгавар авч, газраа байраар солиод хохирсон иргэдийн асуудлыг зорьмог шуурхай шийдэж яваа нэгэн. Сошиалд хэт идэвхтэй ханддагаасаа болж ихээхэн шүүмжлүүлж, зэмлэл хүлээж байсан. НИТХ-ын хуралд хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, зарчимтай залуу улстөрч. Дааганаас унаж биш даравгараасаа болж “арчигдах” магадлалтай нэгэн.

Хотын шинэ дарга Б.Пүрэвдагва ямартай ч Засгийн хуралдаанаар өөрийн багийн бүтэц, тоглоомын дүрмээ батлуулчихлаа. Тэр хэнийг зөвлөхөө болгох, хэнийг орлогчоо, төслийн удирдагчаа болгох нь хуулиар олгогдсон бүрэн эрх. Ямартай ч эзэнгүй үлдсэн Чингэлтэй дүүргийг З.Төмөртөмөө “удирдах” нь гарцаагүй болов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.