Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар өнөөдөр (2026.06.10) Олон улсын улаан загалмайн хорооны Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббарыг хүлээн авч уулзлаа.
Олон улсын улаан загалмайн хорооны Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббар уулзалтаар Монгол Улсын олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг үнэлсэн судалгааны тайланг танилцуулав.
Энэхүү судалгаанд Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын улаан загалмайн хороо дэмжлэг үзүүлсэн бөгөөд Монгол Улсын олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенцын хэрэгжилт, үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт, институцийн бүтэц, сургалт, сурталчилгаа, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин, хамгаалалтын тогтолцоо болон зэвсгийн хяналтын асуудлыг цогцоор нь үнэлсэн судалгаа юм.
Тус судалгааны тайланд Монгол Улс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндсэн гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орсон бөгөөд тэдгээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа дотоодын хууль тогтоомж, захиргааны арга хэмжээндээ тусган хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Мөн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг улам боловсронгуй болгохоор хууль эрх зүй, бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг боловсруулсан гэдгийг Марва Шаббар дурдав.
Түүнчлэн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн талаарх мэдлэг, сургалт, олон нийтэд түгээх үйл ажиллагааг боловсронгуй болгох, олон улсын гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын эрх зүйн орчныг бэхжүүлэх, соёлын өв, эмнэлгийн байгууллага, хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээрх санал, зөвлөмжүүд туссан байгааг тэрбээр тодотгов.
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар энэхүү судалгаа нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, цаашид хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, олон улсын өмнө хүлээсэн үүргийн хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэсэн суурь баримт бичиг болох ач холбогдолтой гэдэгтэй санал нийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
1 цаг 41 мин
-
1 цаг 53 мин
-
2 цаг 47 мин
-
3 цаг 0 мин
-
3 цаг 36 мин
-
Өчигдөр 13 цаг 35 мин
-
Өчигдөр 12 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Өчигдөр 14 цаг 07 мин