ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАСАН “ТАРБОЗАВР БАТААР” ТЭРГҮҮТЭЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ХОВОР ОЛДВОРУУДЫГ ЭХ ОРОНДОО ЭРГҮҮЛЭН АВЧИРЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 10 мин

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хил дамнасан палеонтологийн олдвор болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн “Тарбозавр батаар”-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас эх орондоо эргүүлэн авчирлаа.

Эдгээр олдворыг буцаан авах ажиллагаа 13 жилийн турш үргэлжилж, Монгол Улсын төрийн байгууллагуудын тууштай хүчин чармайлт, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд холбогдох шүүхийн маргаан бүрэн эцэслэн шийдвэрлэгдэж, 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олдворуудыг Монгол Улс албан ёсоор хүлээн авлаа.

Түүх, соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий эдгээр олдвор нь Монгол Улсын палеонтологийн өвийн салшгүй хэсэг бөгөөд тэдгээрийг эх оронд нь буцаан авчирсан нь соёлын өвийг хамгаалах, хууль бусаар хил давуулсан үнэт өвийг эргүүлэн авах чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлогын томоохон үр дүн болж байна.

Олдворуудыг эх оронд нь буцаан авчрах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран зохион байгууллаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэн Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК, “Туушин” ХХК, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар, Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Гаалийн ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлье.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.