Байнгын хороо Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 15 мин

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр (2026.06.24) 53.6 хувийн ирцтэйгээр 17.56 цагт эхэлж, уртасгасан цагаар хуралдав. Нийт 20 асуудал хэлэлцлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлсэн тухай санал танилцууллаа. Тэрбээр, хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэв. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дэмжжээ. 

Хууль зүйн байнгын хорооны гишүүд Цэцийн гишүүнд нэр дэвшигчдэд хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, "хүн биш, хууль засагладаг байх" зарчмыг баримталж ажиллахыг сануулж, шаардлагатай бол албан тушаалаа өгөөд явж чаддаг зоригтой байхыг захиж байлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Б.Тулга, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, О.Номинчимэг, Дам.Цогтбаатар нар асууж, үг хэлэв. Тэдний асуултад нэр дэвшигчид нэг бүрчлэн хариулав. Ингээд нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ. 

Нэр дэвшигч Ж.Сүхбаатар 1975 онд одоогийн Дархан-Уул аймгийн Дархан сум буюу Дархан хотод төрсөн. Ж.Сүхбаатар 1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. АНУ, Швед Казахстан зэрэг улсад мэргэжлийн болон бусад сургалтад хамрагдсан.

Нийтийн эрх зүй буюу захиргааны эрх зүй, сонгуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судалгаа хийдэг, докторант.

Ж.Сүхбаатар 1997-2005 онд “Улаанбаатар” эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх, 2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга, 2006-2008 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2022-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сар хүртэл УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2026 оны 04 дүгээр сараас Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй аж.

Ж.Сүхбаатар төрийн албанд 20 гаруй жил ажилласан бөгөөд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албанд удирдах болон өндөр албан тушаалуудад удаа дараа сонгогдон, томилогдон ажилласан. Ж.Сүхбаатарын төрийн ажил, эрх зүйн онол практикийн өндөр мэдлэг чадвар, бэлтгэгдсэн байдал, туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав.  

Нэр дэвшигч Г.Эрдэнэбат 1972 онд Улаанбаатар хотод төрсөн.

Г.Эрдэнэбат нь 1990 онд 31 дүгээр дунд сургууль, 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн.

1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер, 1996-1998 онд БХИС-д багш, 1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх, 2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2009-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах, 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 2013-2019 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, 2019-2022 онд Монголын криминалогичдын холбооны ерөнхийлөгч, 2021-2023 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт, 2024-2025 онд УИХ-ын Тамгын газарт ажилтан, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.  

Г.Эрдэнэбатын төрийн алба болон эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын байгууллагад ажилласан туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байна гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.