Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Усны үнэ цэн” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.25/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулав. Улсын Их Хурлын даргын 2026 оны 20 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгээс Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг сайжруулах, талуудын оролцоог хангах, санал, зөвлөмж авахад чиглэсэн энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Х.Баасанжаргал, Р.Сэддорж, Б.Тулга болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Үндэсний аудитын газар, Усны газрын холбогдох албан тушаалтан, байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд зэрэг нийт 100 хүн оролцсон.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, ус нь Монгол хүний амьдрал үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжил, экологийн тэнцвэрийг нэгэн зэрэг тодорхойлдог стратегийн хамгийн чухал баялаг гэдгийг онцлоод энэ баялгийн үнэ цэнийг ойлгож, хэрхэн хамгаалж, зөв зохистой ашиглах вэ гэдгийг хамтдаа дахин тодорхойлох түүхэн шийдвэрийн өмнө ирээд байна гэлээ.
Мөн өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн санал солилцох үйл явц биш харин Усны тухай хуулийн шинэчлэлийг илүү бодитой хэрэгжихүйц, иргэн төвтэй, ирээдүйгээ хамгаалсан эрх зүйн шинэ суурь болгон төлөвшүүлэх, хамтын шийдвэрийн эхлэл гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү үйл явцад та бүхний дуу хоолой, туршлага, шүүмжлэл, санал бүр шийдвэр гаргалтад бодит нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Монгол Улс усны нөөцийн хувьд байгалийн нөхцөлөөс шалтгаалан маш эмзэг жигд бус тархалттай орон. Гадаргын болон газрын доорх усны нөөц бүс нутаг бүрд харилцан адилгүй. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүний үйл ажиллагаа, уул уурхай, аж үйлдвэр, хотжилтын эрчимтэй өсөлт нь усны нөөцөд дарамт үзүүлсээр байна. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн зохицуулалт нь тодорхой хэмжээнд, тухайн цаг үедээ үр дүнтэй байсан хэдий ч шинэ тутам гарч ирж буй нөхцөл байдлаас шалтгаалан шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан онцлов.
Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулсан.
Хүний усаар хангагдах заяагдмал эрх болон усны тэгш хүртээмжийн зарчим хязгаарлагдмал хэвээр байна. Усны нөөцийн бодит үнэлгээ мэдээллийн нэгдсэн систем хангалтгүй, газрын доорх усны ашиглалт хамгаалалтын зохицуулалт сул байсаар байна. Усны үнэ, төлбөр урамшууллын тогтолцоо эдийн засгийн бодит хөшүүрэг болж чадахгүй байна. Хяналт зохицуулалтын байгууллагуудын чиг үүрэг давхардсан, уялдаа сул, хийдэл ихтэй, хил дамнасан усны менежментийн эрх зүйн тогтолцоо хангалтгүй байгаа тул 14 жилийн дараа Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыгн төслийг боловсруулсан гэж байлаа.
Хуулийн төслийн гол зорилго нь усны нөөц болон түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны харилцаанд оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлох, усны нөөцийн нэгдмэл удирдлагыг хангахтай холбоотой харилцааг цогц байдлаар зохицуулахад чиглэсэн гэв.
Мөн төсөлд усны усны нөөц, усны эко системийн тэнцвэртэй байдал үнэ цэнийг хадгалах баталгаа, унд, ахуйн ус ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг баталгаажуулах, тэгш хүртээмжтэй байх, усны эхийг хамгаалах бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, усны нөөцийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр ашигтай, хэмнэлттэй дахин ашиглах, ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлөх хариуцлага хүлээх усны нөөцийн менежмент нэгдмэл байх, олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах гэсэн эдгээр зарчмыг шинээр томьёолсон гэдгийг Л.Мөнхбаясгалан гишүүн онцлов.
Хуулийн төсөл батлагдсанаар усны нөөцийн удирдлага, сав газрын менежмент, ус ашиглалт зөвшөөрөл, хяналт шинжилгээ, мэдээллийн тогтолцоо болон усны аюулгүй байдлын зохицуулалт нэгдмэл уялдаа холбоотой эрх зүйн орчинд шилжих нөхцөл бүрдэнэ. Үүний үр дүнд төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал буурч бүрэн эрхийн хуваарилалт тодорхой болж сав газрын удирдлага зохион байгуулалтын тогтолцоо бэхэжнэ. Мөн усны аудит усны нэгдсэн мэдээллийн сан, экологийн урсац, цахим монитор, усны эрсдэлийн удирдлага зэрэг орчин үеийн институцийн зохицуулалтууд хуульчлагдсанаар усны нөөцийг шинжлэх ухаанд суурилан удирдах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.
Дараа нь Усны тухай шинэчилсэн найруулгын төслийн талаар “Шихихутуг” хууль зүйн их сургуулийн багш, доктор Б.Нармандах танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Усны тухай хууль нь 35 зүйлтэй бөгөөд ажлын хэсэг төслийг үзэл баримтлалын хүрээнд 8 бүлэг, 65 зүйлтэйгээр боловсруулсан гэв. Хуулийн төслийг боловсруулахдаа эл салбарынхны үнэт зүйлийн тулгуур болсон ус бол чандмань эрдэнэ гэсэн үгийг удирдлага болгосон.
Мөн усны эко системийн тэнцвэрийг хангаж түүний аюулгүй байдлыг хангах тухай асуудал байна. Үүнтэй холбоотой заалтуудыг төслийн 4.1,1, 5.1.8, За 5.1.10 гээд холбогдох зүйл, заалтуудад тусгасан. Усны өөрийнх нь экологийн үнэ цэнийг илэрхийлэх ойлголтуудыг тодорхойлоод түүнийгээ эрх зүйн зохицуулалтад нарийвчлан тусгасан гэв. Усны харилцаанд баримтлах суурь найман зарчмыг хуульчилж өгснөөрөө үзэл баримтлалын хувьд шинэ үндэслэл болсон хэмээн үзэж буйгаа дурдлаа.
Хуулийн төслийн хүрээнд усны нөөцийн нэгдсэн менежмент, сав газрын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, усны нөөцийн хайгуул судалгааг хийж, нөөцөд түшиглэсэн ашиглалтын бодлогын үнэ тарифтай уялдуулан зохицуулах, хамгааллын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, усны бохирдол, хомсдолоос урьдчилан сэргийлэх хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын усан хангамжийг сайжруулах зэрэг асуудлуудыг тусгажээ.
Мөн бэлчээрийн усан хангамж, малчдын ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, ус ашиглалтын зөвшөөрөл, хяналт, бүртгэлийн тогтолцоог шинэчлэх, ус ашигласны төлбөр, үнэ тарифын тогтолцоог усны нөөцийн үнэ цэнэ, хомсдол, хамгаалалтын бодлоготой уялдуулан боловсронгуй болгох, хэмнэлт, дахин ашиглалт, дэвшилтэт технологийн хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилтийн эрсдэлтэй уялдсан усны бодлогыг хэрэгжүүлэх, иргэд, орон нутаг, ус хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Энэхүү хуулийн төсөл нь усны нөөцийг хамгаалах, ус ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, усны салбарын тогтвортой санхүүжилт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн суурь шинэчлэл болно гэж үзэж байгаа аж.
Ингээд хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, оролцогчид асуулт асууж, санал хэллээ. Чухал сэдэв хөндсөн, цагаа олсон хэлэлцүүлэг болж байгааг оролцогчид онцлон тэмдэглэхийн зэрэгцээ төсөлд тусгах тодорхой саналуудыг хэлж байв. Тухайлбал, говийн ус нөөцийн асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн тул энэ асуудлыг төсөлд тодорхой тусгах, мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нь тэнцүү усны нөөц ашиглалтын хугацааг нь тусгана гэдэг шиг суурин газруудынхаа нөөцийг тодотгосон хугацаатай болгох зохицуулалтыг тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн барилга байгууламж, хот суурин газрын усан хангамж, ариутгах татуургын зураг төсөл хийхэд хэрэглэгддэг норм, дүрмийг зөрчсөн тоо, хэмжээнүүд төсөлд байгаа тул хуулийн шинэчлэлтийн хүрээнд судалгааны ажлуудыг багагүй хийх, улмаар уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрүүд хэрэглэгч эсвэл ашиглагч гэдэгт хамаарахтай холбоотой нэр томьёонуудыг дахин нягтлах, унд, ахуйн усны эх үүсвэрийн нэг булгийг хэрэглэх, тохижуулах асуудлыг тодорхой болгох нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Мөн төслийн 40 дүгээр зүйлийн 40.1-д 100 шоо метр усыг ашиглах дүгнэлтийг Сав газрын захиргаа гаргана гэж тусгасанд талархаж байгаагаа илэрхийлээд хамгаалалтын бүсийн дэглэмийн хяналтын асуудалд Сав газрын захиргааны эрх, үүргийг нэмэгдүүлэх, төслийн 18.2 зүйлд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гарахын өмнө усны орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар санал, дүгнэлт өгдөг болохыг нэмэх зэргээр Сав газрын эрхийг нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг хэлж байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
2 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
2026-06-19
-
2026-06-19