УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, П.Батчимэг нар Швейцарт албан томилолттой явна
Батхуяг
Үйл явдал
/
41 мин

УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлалаа энэ сарын 21-25-нд хийжээ. Айлчлалыг УИХ-ын гишүүн, Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг тэргүүлж, тус бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатар оролцсон байна. Тэд Швейцарын Үндэсний Зөвлөл дэх Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлигийн урилгаар тус улсад ажиллаж байгаа юм.

Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид Швейцарын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Пьер Андре Пэйжтэй уулзаж, мөн Швейцар-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийсэн байна. Мөн Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Маркус Лейтнер болон "KliK" сан, "Switzerland Global Enterprise" агентлаг, "Economiesuisse" холбооны төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Парламентын бүлэг хоорондын уулзалтын үеэр П.Батчимэг 2024 онд Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосонтой холбоотойгоор Лорен Верли Монгол Улсад ажлын айлчлал хийж, Швейцарын Үндэсний Зөвлөлийн түүхэнд анх удаа Швейцар-Монголын парламентын бүлгийг байгуулсан явдалд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэхэд Швейцарын төр, засгаас үзүүлж ирсэн дэмжлэг, хэрэгжүүлсэн төслүүдийг онцолжээ. Харин Лорен Верли Монгол Улсад 2024 онд хийсэн айлчлалаа дурсаж, нийтлэг үнэт зүйлд тулгуурласан парламентын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Талууд парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаанаас гадна УИХ-ын Байнгын хороод болон парламентын Тамгын газар хоорондын харилцааг хөгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.