“SILK WAY RALLY” ТОРГОНЫ ЗАМ МОНГОЛД ДАХИН ИРЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-18

Өнөөдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд эр зориг, хурд хүчний гайхамшиг болсон “Торгоны зам” олон улсын уралдаанд оролцож буй баг тамирчидтай уулзаж, амжилт хүслээ. Дэлхийн хэмжээний “Торгоны зам” раллиг дахин эх орондоо хүлээн авч байгаадаа бид туйлын баяртай байгааг онцолъё.

Торгоны зам уралдаан нь зөвхөн спортын тэмцээн бус олон улсын найрамдал, улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, манай орны байгаль, түүх, соёлыг дэлхий нийтэд сурталчлах чухал арга хэмжээ юм. Анх 2010 онд Орос, Казахстан, Туркменистаны нутгаар зохион байгуулагдаж эхэлсэн “Торгоны зам” авто ралли өдгөө Евроазийн нэр хүндтэй уралдаануудын нэг болж, 2019 болон 2024 онд Монголд амжилттай зохиогдсон туршлага дээр үндэслэн өнөөдөр бид дахин хүлээн авч байна.

Энэ удаагийн уралдаанд 15 орны 849 оролцогч, 310 автомашин уралдаж байгаагийн дотор Монголын баг тамирчид оролцож буй нь бидний хувьд бахархалтай үйл явдал юм. Энэ бол энгийн аялал биш, харин тамирчдын тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, техник сэтгэлгээ, зоригийг шалгадаг сорилт билээ. Та бүхний зорчсон зам осолгүй, адал явдлаар дүүрэн, дурсамжтай байх болтугай. Монголын ард түмний зочломтгой сэтгэл, байгаль дэлхий, өв соёлын өнгө төрх та бүхэнд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Аяны алтан шар зам нь өлзийтэй байх болтугай!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.