М.ЭНХЦЭЦЭГ: Иргэддээ ЛАА ШҮДЭНЗЭЭ БЭЛД гээд шуудхан ҮНЭНЭЭ ХЭЛ Л ДЭЭ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 6 мин

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “2026 оны улсын төсөв дээр эрчим хүчний салбарт анхаарал хандуулаагүй байна. Яагаад гэхээр эрчим хүчний салбар зам тээврээсээ бага төсөвтэй. Эрчим хүчний салбарт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв. Гэтэл зам тээврийн салбар  бараг л 1 тэрбумын төсөвтэй байна. Эрчим хүчний салбар улс, орны эдийн засгийг боомилчхоод байгааг хүн бүр мэдэрч, мэдэж байгаа. Үйлдвэр, орон сууц баръя гэсэн маш олон хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангаж чадахгүй байна.

Станцын маш олон жилийн насжилттай техник, хэрэгслүүд нь эхнээсээ дэлбэрч эхэллээ. Эрчим хүчний салбарын 17 мянга гаруй хүнийг аюулгүй, найдвартай нөхцөлд ажиллуулж чадахгүй байна. Тийм ч учраас ард түмэн гал алдчих гээд байгаа эрчим хүчний салбартаа ахиухан төсөв тавиарай гээд захиад байгаа шүү дээ. Асфальтан зам хэрэггүй, асаалттай гэрэлтэй баймаар байна гээд захиад байгаа. Гэтэл энэ захиас, хүсэлт туссан нь хаа байна вэ. Захиасыг нь биелүүлэхгүй юм бол ард түмнээсээ асуулаа гэж шоудох ямар хэрэгтэй вэ.

Өөдтэй төсөв тавиагүй хэр нь эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наядыг зарцуулна, хамаг асуудлыг нь шийднэ гэж худал мэдээлэл тараагаад байгаа.  Энэ 3.9 их наяд гэдэгт өмнөх жилүүдийн бүхий л зээл, тусламжийг хамж шимээд, дээрээс нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа станцын 2.5 тэрбум төгрөгийг оруулаад хуураад байна.

Ард түмэнд үнэнийг хэлэх ёстой. Бид та бүхний татварын мөнгийг эрчим хүчний салбарт өөдтэй төсөвлөж чадахгүй байна. Энэ бол бодит байдал. Тиймээс та бүхэн лаа, чүдэнзээ ойрхон байлгаарай гээд үнэнээ л хэлэх ёстой. Иргэд татварыг миний анхан шатны хэрэгцээг шийдээд өгөөрэй гээд тушаасан юм. Гэрэл, дулаан бол хүний анхан шатны хэрэглээ. Тиймээс аяга цайгаа буцалгаад уучих боломжгүй, ёлтгор гэрэлд сууж байгаа иргэдийн асуудалд төсвөө зарцуулах ёстой шүү дээ" гэв.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.