
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй бизнесийн холбоод нэгдэж, өнөөдөр /2025.10.10/ олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Энэ үеэр эдийн засагч Б.Лхагважав ярихдаа "Бид Үндсэн хуулийн дагуу эдийн засгийн эрх чөлөөгөө 1992 онд олж авсан. Төр засаг бол аж ахуйн нэгж, иргэдийн сайн сайхны төлөө, эдийн засгийн хөгжлийн төлөө зохицуулалт хийх үүрэгтэй байдаг. Гэтэл 30-аад жилийн дараа зарим нэг сөрөг үр дагавар, буруу зохицуулалт гарч ирж байна. Улс төрийн ямар нэгэн зөрчилдөөн, хямрал болоход манай аж ахуйн нэгжүүдийг том жижиг гэлтгүй барьж авч, гүтгэж, цоллодог байдал хэрээс хэтэрч байна. Ялангуяа улс төрийн нэг намын дотоод зөрчил улс төрийн институци хоорондын зөрчил болж байна. Энэ бол тэдний асуудал. Тэрнээс биш улсдаа ажлын байр бий болгож, татвар төлөөд, 1.1 сая хүнийг ажилтай болгож, ДНБ-ий 76-80 хувийг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, хувийн хэвшил, баялаг бүтээгч, иргэдэд огт буруу байхгүй. Хоёрт, энэ институци хоорондын зөрчил бол хоёрхон зүйлээс үндэстэй. Нэгд, улсын өмчийг улс төрийн эрх мэдэл олж авсан этгээдүүд түр зуурын эзэмшилд байлгаж, энэ нь үе солигдсоны дараа эзэмшил хооронд зодоон болдог. Төрийн өмчийг хуулиар хамгаалаагүй 30 жил явсны сөрөг үр дагавар шүү. Хоёрт, төрийн нийтийн санхүүг Үндсэн хуулиар төрөөс хамгаалагдаагүйг далимдуулж, албан тушаалтнууд өөрсдийн мөнгө шиг дураараа дургиж байна. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал аж ахуйн нэгж, иргэнд огт хамаагүй.
Энэ асуудлыг зохицуулах ёстой Үндсэн хуулийн Цэц өнөөдөр унтаа байдалтай байна. Хэрвээ УИХ, Засгийн газартай зөрчилдсөн бол ҮХЦ-д мэдээлэл өгдөг . Хэдэн жилийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайд УИХ-ын даргатайгаа зөрчилдөж, тухайн үедээ ҮХЦ-д хандсан байсан.
ҮХЦ долоо хоногт шийдэх ёстой асуудлыг нэг сар болгон хойшлуулж, улс төрийн хэрүүлийн дараа шийдвэр гаргалгүй өнгөрсөн. ҮХЦ ажлаа хиймээр байна. Институци хоорондын зөрчлийг шийдэх шүүх нь ажлаа хийхгүй, хэрүүл уруулаар Монголын нийгмийг хямрааж байна. Эндээс хэдэн нөхдүүд улс төрийн олз хайж, Монголын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа учраас бид мэдэгдэл хийхээс аргагүй байдалд хүрч байна. Өнөөдөр улсдаа 14 мянган ажилтантай компанид ямар буруу байна вэ. Ирэх долоо хоногт хөрөнгө оруулалтын маш том чуулган 2025 оны аравдугаар сарын 15-16-нд Европын холбооны 27 улсын 60 гаруй төлөөлөгч ирэх гэж байхад манай засаг төрийн байгаа байдал ийм байна. Манай компаниуд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн болсон ч төр засаг нь баталгаагүй байна. Мөн татварын багц хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг улсын төсвийн дараа хэлэлцэхээр хүлээгдэж байна. Эдийн засгийг сааруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хойш татах байдал үүсэх учраас төр нь төрөөрөө, бизнес нь бизнесийн зарчмаараа явмаар байна. Монголд мафийн сонгодог систем бий болсон байна" гэв.





