НИТХ-ын ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО дараах асуудлыг хэлэлцлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 59 мин

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай, Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай зэрэг бусад асуудлуудыг хэлэлцлээ.

 

 

Хуралдаанд НИТХ-ын дарга, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн А.Баяр, төлөөлөгч, хорооны гишүүн Л.Хосбаяр, Ж.Энхжаргалан, Д.Ихбаяр, С.Даваасүрэн, Э.Хулан, Д.Жавхлан нар оролцож хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн захирал З.Батырбек, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав зэрэг холбогдох албаныхан оролцож танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

 

Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай журмын төслийг боловсруулахдаа зорилго, хэрэгжүүлэх хууль тогтоомжийн зохицуулалт, сангийн зарчмууд, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалт, хөрөнгийг юунд зарцуулах, зарцуулсан хөрөнгөд хяналт тавих зэргийг тусгасан байна. Тухайн сангийн хөрөнгийг бүрдүүлэхдээ нийслэлийн төсвөөс тухайн жил тодорхой хөрөнгө тавих бөгөөд мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууц, үйлчилгээний зориулалттай талбай, автомашины зогсоолыг худалдан борлуулсан орлого, газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлого 100 хувь, орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолыг түрээслэсний орлогын 100 хувь зэрэг газрыг дахин төлөвлөсөнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлууд хамарч байна. Харин сангийн хөрөнгийг дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн нөхөх олговрын зардал, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүг төлөх зэрэгт зарцуулахаар тусгасан байна.

Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын барилга, байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨТҮГ-ыг байгуулах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг чөлөөлж, томилох тухай асуудлыг буцааж бусад асуудлыг НИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:

  1. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай
  2. Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай
  3. Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V)
  4. Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл)
  5. Гэрээ байгуулах эрх олгох тухай (Наран шарлагын иж бүрэн цогцолбор байгуулах төсөл)
  6. Улаанбаатар хотын барилга, байгууламжийн судалгаа, шинжилгээний газар ОНӨТҮГ-ыг байгуулах тухай
  7. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг чөлөөлж, томилох тухай
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.