
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар "ХАРБИНЫ ГЭРЭЭ" нүүрсний гэрээг хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол хийхээр 32 гишүүний гарын үсэг цуглуулсан тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бид Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам буюу нүүрс худалдан авах Харбины гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах ажлыг санаачлан ажиллаж байна. Хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүд гарын үсэг зурсан байх ёстой бөгөөд энэ тоондоо хангалттай хүрсэн. Энэ хугацаанд маш их үйл явдал өрнөлөө. Хяналтын сонсголыг хийлгэхгүйн тулд гадна дотноос УИХ-ын гишүүд утасдаж, уулзаж, янз бүрийн зүйл амласан. Гэвч олон шударга гишүүн байдаг учраас ард түмнийг мэдээллээр хангах ажилд нэгдсэн. Засгийн газраас нууцад байсан бүх гэрээ хэлэлцээрийг ил тод болгох шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс 70-80 хувь шууд хамаардаг. Түүний гол хэсэг нь нүүрс юм. Удахгүй УИХ-ын Тамгын газарт албан бичгээ өргөн барьж, энэ ондоо багтан сонсгол хийхээр тооцоолж байна. Засаж, залруулах бүрэн боломжтой гэж харж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Бид хуулийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлсэн. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хугацаанд багагүй асуудал тулгарсан. Гарын үсэг зурж, дэмжих гэж байгаа УИХ-ын гишүүд рүү гар утас руу нь залгаж, янз бүрийн дарамт үзүүлж байлаа. Хэрвээ ямар нэгэн асуудалгүй, ард түмний төлөө энэ гэрээний нөхцөлүүд хийгдсэн байсан бол нууцлах шаардлагагүй байсан. Эсрэгээрээ энэ ажлаараа бахархаж, ард түмэндээ танилцуулах байсан. Харамсалтай нь, Хянан шалгах түр хороог байгуулахгүй байх сонирхолтой байлаа. Үндсэн хуулиараа байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан. Ард түмэн мэдэх эрхтэй. Энэ байгалийн баялгийг хэдэн төгрөгөөр хэрхэн худалдах болсон талаар мэдэх ёстой" гэж байв.
Ж.БАЯРМАА, Д,ГАНБАТ нарыг цуглуулсан гарын үсгээ УИХ-д өргөн барьж амжаагүй байх зуур тэдний өмнөөр "ХАР МУУР ГҮЙЧИХЖЭЭ". Тодруулбал УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНЭ 33 гишүүний гарын үсэг цуглуулсан “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөл хуульд нийцсэн, эсэхийг шалгах түр хорооны тогтоолоо өргөн барьж улмаар Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж эхэлжээ.
Хурлаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр энэ төслийг өргөн мэдүүлжээ.
Тогтоолын төсөл
Хянан шалгах түр хороо байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигг малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоосугай.
2. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/Өмнөговь аймгийн Цоггцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах;
2/Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах;
3/Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх.
3. Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
Олонхыг төлөөлөн: Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг телөөлөн: Улсын Их Хурлын гишүүн
4. Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг хянан шалгах түр хороонд даалгасугай.
5. 5.Энэ тогтоолыг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй" гэсэн тогтоол байжээ.
Үүнийг мэдсэн Ж.БАЯРМАА гишүүн Д.Ганбат гишүүн бид хоёрын санаачлан хэлэлцүүлэх гэж байсан түр хороо байгуулж ХАРБИНЫ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХ тогтоолоо Ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНЭД алдчихлаа гэжээ






-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 16 цаг 52 мин
-
Өчигдөр 16 цаг 45 мин