БОУАӨЯ: МОНГОЛ УЛС БОЛОН ОМАНЫ СУЛТАНТ УЛС БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
5 цаг 38 мин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон COP17 Ажлын албаны төлөөллүүд Оманы Султант Улсын Байгаль орчны дэд сайд Сулиман Ал Акзами тэргүүтэй төлөөлөгчидтэй 10 дугаар сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо техникийн уулзалт хийлээ.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Дэлхийн байгаль хамгаалах конгрессийн хуралд оролцож байгаа бөгөөд энэ үеэр байгаль орчны салбарын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байгаагийн нэг нь энэхүү уулзалт болж байна.

Тус уулзалт нь талуудын гурав дахь албан ёсны уулзалт бөгөөд газрын доройтлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт ба байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ба дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд харилцан санал солилцлоо.

Мөн энэхүү уулзалтын хүрээнд талууд чадавх бэхжүүлэх, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх болон санхүүжилтийн шинэ боломжуудыг эрэлхийлэх талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг тогтвортой байдлаар бэхжүүлэх зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Хоёр улсын байгаль орчны яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотод зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны ассамблейн долдугаар чуулганы үеэр эцэслэн байгуулахаар тохиролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.