Улсын хэмжээнд 213.3 мянган малбин өрхийн 65.7 САЯ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХААР байна
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 38 мин

УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр \2025.11.04\ -ийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 19 арга хэмжээг тусгасан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан салбарын сайдаар батлуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 56 дугаар тогтоолын дагуу долоон арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 12 арга хэмжээ хэрэгжих шатанд байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундаж зэрэг мэдээлэлд үндэслэн 11 дүгээр сарын байдлаар боловсруулан гаргасан байна. Уг үнэлгээнээс үзэхэд нийт нутгийн 3.0 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ихэнх нутгаар цасны нөхцөл тооцоогдоогүй байх үед зудын эрсдэл их болон нэн их түвшинд үүсэж байгаа нь өвөлжилт тухайн аймгуудад хүндрэх төлөвтэйг харуулж байна.

❇️Энэ жил улсын хэмжээнд 213.3 мянган малчин өрхөд 65.7 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая хонь өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарсан.

Үүнээс 16.6 мянган малчин өрхийн 5 сая 724 мянган толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд нийт отроор өвөлжих малын 0.6 сая толгой мал нь өөр аймгийн нутагт, 1.2 сая нь өөрийн аймгийн сумдад, 0.1 сая толгой мал нь сум дундын отрын бүс нутагт, 0.5 сая мал аймаг дундын тусгай хэрэгцээний нутагт, 1.0 сая мал хилийн зурвас бүс нутагт, 2.0 сая мал Улсын тусгай хамгаалалттай газар тус тус өвөлжих хүсэлт гаргасан тул холбогдох зохицуулалтыг хийн ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.