НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ
Б.НОРОВНЯМ
/
2025-10-16

Энэ хүрээнд Яармагийн Арцатын аманд байрлах “Нутгийн буян групп” ХХК-ийн “Хаппи Резиденс” хотхон нь доторх салбар шугамаа солих ажлыг эхлүүлсэн. Аравдугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга болон тус хороонд усны шугам сүлжээ барьсан зарим гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Нийт гүйцэтгэгч байгууллагууд, контор, УСУГ-тай хамтарсан уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөөд байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл хэллээ.

Нийслэлээс Яармаг орчимд зарим хотхон, хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд 2024 оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчлүүлсэн. Энэхүү шугамын эх үүсвэрээс Яармаг орчмын 500 гаруй барилга байгууламж цэвэр усаа авч хэрэглэдэг буюу цэвэр усны төв магистрал шугамыг шинэчилсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй юм. Учир нь Яармагт барилга барьж буй ААН, компаниуд, орон сууцны конторууд, хариуцагч байгууллагууд нь өөрсдийн дотоодын буюу төв магистрал руу холбогддог салбар шугам сүлжээгээ стандартын бус зэвтэй хоолойгоор хийсэн тохиолдол элбэг байсан. Тиймээс хуучин стандарт хангаагүй шугам сүлжээгээ зэв үүсгэхгүй материалаар шинэчлэхийг нийслэлээс удаа дараа шаардаж, хүсэлт тавьсан.

Барилгын компаниуд шаардлагыг бүрэн биелүүлээгүй учраас хотын дарга Х.Нямбаатар зэвтэй шугам сүлжээгээ шинэчлэх төлөвлөгөө батлуулах, заасан хугацаанд шугам сүлжээгээ солихгүй бол барилгын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.