ХЭНТИЙ АЙМГИЙН ХУВЬД ШАТАХУУНЫГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭ ТОГТООН ОЛГОЖ БАЙНА
Б.НОРОВНЯМ
/
2025-10-22

Шатахуун түгээх газруудын тухайд дараа дараагийн татан авалтууд ирж хэвийн болох хүртэлх хугацаанд хязгаартай буюу лимит тогтоон олгож байна

Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Аюурбунь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шатахууны компаниудын төлөөллүүдтэй уулзлаа.

Аймгийн төвд нийтдээ 14 шатахуун түгээх газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уулзалтад Чинтал, Шунхлай, Петровис, Жаст ойл, Тэс петролиум гэх зэрэг шатахуун түгээх газрын төлөөллүүд оролцож байна. Тус байгууллагуудын хувьд ханган нийлүүлэлтийг тухай бүр татах тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд татан авалт хийдэг гэрээт компаниудын хувьд удаж байгаа дараалалтай олгож байгаа шалтгаануудаас болж татан авалт удааширч байгааг хэллээ.

Түүнчлэн иргэд олон нийт цахимаар цацагдаж буй аливаа мэдээллийг буруу ташаа ойлгож шатахуун хомсдол үүсэж байна гэх мэдээллээр тээврийн хэрэгслийн банкаа дүүргэх зорилгоор ШТС-үүд дээр оочир дараалал үүсгэж байна. Мөн аймгийн хэмжээнд одоогоор шатахууны хомсдол үүсээгүй байгаа боловч цаашдын эрсдэлийг тооцож дараа дараагийн татан авалтууд ирж хэвийн болох хүртэл хугацаанд хязгаарлалттай буюу лимит тогтоон олгож байна.

Иргэд олон нийтийг шатахуунаар таслахгүй хэвийн байлгах тал дээр Засаг даргын зүгээс дараах чиглэлүүдийг өглөө.

- Бүх шатахуун түгээх газрууд нэн тэргүүнд өвлийн түлшний нөөцөө бүрдүүлэх тал дээр анхаарах

- Зохиомол хомсдол үүсгэхгүй, шатахуун түгээхээр үйлчлүүлж байгаа иргэдэд зөв мэдээллийг хүргэх

- Сумдад салбартай шатахууны газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах, оочир дараалал үүсгэж иргэдэд хүндрэл учруулахгүй байхад анхаарах

- Мөн аливаа эрсэдлээс урьдчилан сэргийлэх үүднээс байгууллагынхаа ойр орчмын камержуулалтын бүрэн бүтэн байдлыг хангах, гадна тохижилт болон бусад зүйлсийг стандартын дагуу болгох гэх зэрэг үүрэг чиглэлийг өлгөө.

Мөн Аймгийн онцгой байдлын газраас эмнэлэг, онцгой, цагдаа гэх зэрэг нэн тэргүүнд бэлэн байх шаардлагатай байгууллагуудын түлшний нөөцийг бүрдүүлэх аливаа үед эрсдэл үүсэхээс сэргийлэх тал дээр хамтран ажиллахыг хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.