Баянгол дүүргийн ойд П.Бүрэнтөгс аварга түрүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-10-12

Нийслэлийн Баянгол дүүрэг байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпораци, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-ийн 0108-р анги, “Нью Прогресс” групп, "Ховд" дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Батхаан Ойл” ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Бүрэн Дуулга” ХХК, “Цагаан Сор” ХХК, “Гэгээн Хэрлэн” ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар нар шалгарлаа.

Наймд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Ц.Одбаяр, улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв. Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ө.Батсуурьт олголоо. Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Баянгол дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Хуурнин шуугигч” барилдаан шөвгийн дөрөвт үлдсэн хүүхдүүд энэ барилдааны тавын давааны өмнө барилдаж, түрүү бөхөө тодруулсан юм. Тус хүүхдийн барилдаанд Баяннгол дүүргийн 141-р цэцэрлэгийн Б.Азхүү түрүүлж, 57-р цэцэрлэгийн Э.Билгүүнтөгс үзүүрлэж, 157-р цэцэрлэгийн А.Эрхэм, 141-р У.Хаш-эрдэнэ нар дөрөвт шалгарлаа. Дараагийн барилдаан 10-р сарын 17-нд МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан суралцагч, төгсөгчид оролцох хүчит 64 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.