Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурчээ. Өнгөрсөн оны мөн үеэс хүхрийн хэмжээ гурав, тоосонцор 1.6 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Энэ талаар Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Эрдэмтэд хагас коксон түлшний үр дүнг хэлэлцлээ. Судалгаанд суурилан 2024 оны 12 дугаар сарын байдлыг 2025 оны 12 дугаар сарын байдалтай харьцуулахад агаарын бохирдол 40-50 хувь буурсан үзүүлэлттэй байна. Хагас коксон түлшийг 3 үндсэн лабораторийн шинжилгээгээр судлахад, зарим бодисын хэмжээ 3-4 дахин буурсан. Ганц 12 дугаар сар ч биш жил, сарууд, өдрүүдийн дунджаар үзүүлэлтүүдийг гаргаж судалсан” гэлээ.
Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат “Агаар бохирдуулагч гол бодисуудын 2025 оны сүүлийн улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан судаллаа. Уг судалгаагаар хүхэрлэг хий 2024 оны 12 дугаар сард 108 мкг/м3 байсан бол 2025 оны 12 дугаар сард 49 мкг/м3 болж, 55 хувиар буурсан. Мөн PM2.5 болон PM10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл 2 хувиар буурсан байна. Ерөнхийд нь дүгнэвэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын гол үзүүлэлтүүд 2-55 хувь хүртэл буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна" гэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр “2025-2026 оны галлагааны улиралд Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас коксон шахмал түлшийг хэрэглэж байна. Хагас коксон түлш утаанд агуулагдах хорт бодисын хэмжээг 50 орчим хувиар бууруулна гэж анх тооцоолсон. Энэ тооцоололд хүрсэн гэдгийг өнөөдөр судалгаа, шинжилгээгээр баталлаа. Мөн утааг үүсгэж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Үүний дөнгөж нэг нь л гэр хорооллын утаа. Утааг үүсгэж байгаа бүх хүчин зүйлийг тооцохоор, хагас коксон шахмал түлш нь нийслэлийн агаарын чанарт 27-28 хувийн үр дүнг үзүүлнэ гэсэн хүлээлт байсан. 2025 оны 12 дугаар сарын 1-21-ний байдлыг 2024 оны мөн үетэй харьцуулахад хагас коксон түлш нийслэлийн агаарын чанарт 23-24 хувийн үр дүнг үзүүлээд байна” гэдгийг онцоллоо.
-
2 цаг 57 мин
-
3 цаг 2 мин