АИ-92 автобензиний өдрийн хэрэглээ 2000-2500 тонн болж , НИЙЛҮҮЛЭЛТ САЙЖИРЧЭЭ
З.Батхуяг
/
3 цаг 5 мин

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар ээлжит цаг үеийн мэдээлэл /2025.12.24/хийлээ. Энэ үеэр салбарын дэд сайд Б.Энхтүвшин “Өдөрт 60 вагон орж ирвэл нөөц үүсгэж шатахуун түгээх станц руу явуулах боломжтой” гэсэн юм. Түүний өгсөн мэдээллээр манай улсад өдөрт 34 вагон АИ-92 автобензин орж ирвэл өдрийн хэрэгцээ хангагддаг байна. Харин арванхоёрдугаар сар гарсаар 13 өдөр нь 34-өөс доош вагон орж иржээ. Өөрөөр хэлбэл, бид нөөцөө бүрдүүлж амжихгүйгээр хилээр орж ирж буй вагоныг шууд түгээлтэд гаргаж байгаа учир шатахууны доголдол үүссэн байна. Тиймээс гадуур шатахуун түгээх станцуудад оочир дараалал үүссэн гэх тайлбарыг салбарын дэд сайд өглөө.

Дараа нь тус яамны Газрын тос бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч. Хишигдалай мэдээлэл өгөх үеэр "ойрын өдрүүдээс шатахууны нийлүүлэлт хэвийн болно" гэдгийг яриандаа дурдлаа. Түүний мэдээлснээр сүүлийн зургаан хоног ОХУ-аас нийлүүлэгдэж буй АИ-92 автобензин болон бусад төрлийн шатахуун эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 19-нд Сүхбаатар боомтоор 47 вагон орж ирсэн бол арванхоёрдугаар сарын 21-нд 63 вагон орж иржээ. Маргааш нь буюу 22-нд 65 вагон орж ирсэн бөгөөд нийт 265 мянган АИ-92 автобензин буюу 16 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэгджээ.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын эхэнд өдрийн хэрэглээг хангахгүй хэмжээний бүтээгдэхүүн орж ирсэн учраас доголдол үүссэн. Өнөөдрөөс эхлэн хэрэгцээнээс давсан илүү бүтээгдэхүүнүүд нийлүүлэгдэж байгаа учир хангамж сайжирч байна. Монгол Улсын өдрийн хэрэглээ 2200-2400 тонн байдаг. Энэ хэрэглээг давсан бүтээгдэхүүн сүүлийн үед нийлүүлэгдэж байна гэсэн үг. Өнөөдөр үүсээд буй оочир дараалал тун удахгүй арилна. Бид өнгөрсөн шөнө шатахууны нөхцөл байдалд хяналт тавьж ажилласан. Оочир дараалал буурсан байна билээ. Тиймээс иргэдийг хүлээцтэй байхыг хүсье ” гэлээ.

Салбарын яамнаас шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн нефт боловсруулах үйлдвэрээс ачилтын мэдээллийг өдөр бүр авдаг бөгөөд 4-7 хоногийн хугацаанд манай улс руу бүтээгдэхүүн импортлогддог байна. Тухайлбал,

- 2025.12.18 – 53 вагон

- 2025.12.19 – 43 вагон

- 2025.12.20 - 60 вагон АИ-92 автобензин сүүлийн таван өдөрт нийт дүнгээр 16 мянган тонныг нийлүүлжээ.

Мөн арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн ачилтын мэдээлэл ОХУ-ын цагаар үдээс хойш салбарын яаманд мэдээлэл нь ирэх аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.