Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
Үйл явдал
/
1 цаг 46 мин

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс яамдын салбар хоорондын уялдаа холбоог хангах, салбар бүрд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэх, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яаманд чиглэл өгсний дагуу Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, дэд сайд Г.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй яамны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, хүний хөгжлийн индексийг 0.813 түвшинд хүргэх зорилт дэвшүүлжээ.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт Зүрх судасны төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-II, Төвийн бүсэд Халдварт өвчин судлалын үндэсний төв-II, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотод Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг байгуулах бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр есөн төслийн хоёрыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр, долоог гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөснийг сайд Ж.Чинбүрэн онцоллоо.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2030 он гэхэд дундаж наслалтыг 78-д хүргэх, эхийн эндэгдлийн түвшинг 100 мянган амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд найм болгон бууруулах зорилтууд тусгагдсан.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил хийгдэх юм байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, төрөөс төлдөг хувь хэмжээг гурван хувь болгон нэмэгдүүлснээр салбарын санхүүжилт, тогтвортой байдалд бодит ахиц гарахыг танилцууллаа.

Эрүүл мэндийн сайдын зүгээс өвчлөлийг эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт суурилсан бодлогыг баримталж байгааг онцолсон юм. Судалгаагаар Монгол Улсад нийт нас баралтын 68 хувь нь эмнэлгийн бус нөхцөлд тохиолдож байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд үүний 50-иас дээш хувь нь аврах боломжтой нас баралт байгааг анхаарууллаа. Иймд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдав.

Энэ хүрээнд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 475 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, 6 сумын эмнэлэг, осол их гардаг төв зам дагуух болон хилийн боомтын орчмын сумдын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм.

Эмийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын шийдвэр гаргалтад нотолгоонд суурилсан мэдээллийг ашиглах, үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн цахим тогтолцоог сайжруулах чиглэлд ажиллаж байгааг дурдлаа. Одоогоор Монгол Улсад 56 улсын 712 үйлдвэрлэгчийн 3784 нэрийн эм бүртгэлтэй байгаагийн 42.4 хувь нь зайлшгүй шаардлагатай эм байгаа аж.

Уулзалтын төгсгөлд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эрүүл мэндийн салбарыг зөвхөн нийгмийн үйлчилгээний салбар бус, хүний дундаж наслалтыг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийн суурийг бэхжүүлэх стратегийн салбар хэмээн тодорхойлж буйг уулзалтын үеэр онцоллоо. Тухайлбал, эрүүл хүн ам нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, төсвийн урт хугацааны дарамтыг бууруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг болохыг тэмдэглэв.

“Эдийн засгийн үр ашиг, хүний хөгжилд бодит нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтыг бодлогын эрэмбэд оновчтой байршуулж, салбар хоорондын уялдаа холбоог хангах нь хөгжлийн бодлогын амин сүнс юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиас гажих аливаа шийдвэр нь эдийн засгийн боломжийг алдагдуулж, тогтолцооны эрсдэл үүсгэдэг. Тиймээс эрүүл мэндийн салбарын бодлого, хөрөнгө оруулалтыг улсын хөгжлийн зорилт, макро төлөвлөлттэй нягт уялдуулан хэрэгжүүлэх нь нэн чухал” гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.