Судалгаа 1: Замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар өсч байна
Харин өглөө, оройн оргил ачааллын үед зорчих хурд 5-8 км/цаг хүртэл буурч, хотын төв хэсэгт хөдөлгөөн бараг зогсолтын байдалд хүрдэг. Мөн хүн амын төвлөрөл, автомашины хэрэглээ тасралтгүй нэмэгдсэнээс замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар өсч байгаа судалгаа гарсан. Эдгээр хүндрэл нь иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмжид шууд нөлөөлж, нийтийн тээврийн системийн үр ашиг ч буурч байна.

Судалгаа 2: Тээврийн дэд бүтцийн систем хангалтгүй байна
“Улаанбаатар метро” төслийн хүрээнд 2024 оны дөрөвдүгээр улиралд иргэдийн дунд тээврийн дэд бүтцийн үнэлгээ, замын хөдөлгөөний тулгамдсан асуудлын талаарх санал асуулга явуулсан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 62 хувь нь хотын тээврийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдалд “сэтгэл ханамжгүй” хэмээн хариулжээ. Нийтийн тээврийн автобусны үйлчилгээг үнэлэхэд 34 хувь нь “сэтгэл ханамжгүй”, 47 хувь нь “сэтгэл ханамжтай” гэсэн хариулт өгсөн байна. Үүнээс харахад сүүлийн жилүүдэд хийгдсэн парк шинэчлэл тодорхой хэмжээнд үр дүн өгч буйг харуулж байгаа ч, нийт системийн ачааллыг дангаар шийдвэрлэхэд хангалтгүй хэвээр байгааг илтгэнэ.
Судалгаа3: Нийтийн тээврийн тогтолцоо хэт ачаалалтай байна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн тогтолцоо нь автобусанд суурилсан, хэт ачаалалтай бүтэцтэй хэвээр байгаа нь хувийн автомашины хэрэглээтэй өрсөлдөх чадварыг сулруулж, иргэдийг автомашин ашиглах гол шалтгаан болж байна. Үүний зэрэгцээ авто зам өргөтгөх, шинээр барих арга хэмжээ нь богино хугацаанд тодорхой үр дүн өгдөг боловч урт хугацаанд автомашины хэрэглээг улам нэмэгдүүлдэг нь олон улсын хотуудын туршлага тодорхой харуулсан. Иймээс Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд их багтаамжтай, хурдтай, замын хөдөлгөөний нөхцөлөөс хараат бус нийтийн тээврийн шинэ шатанд шилжих зайлшгүй шаардлага тулгарч байна.
Шийдэл: УЛААНБААТАР МЕТРО ТӨСӨЛ
Энэ шаардлагын бодит шийдэл нь метроны систем юм. Метро ашиглалтад орсноор хотын хэвтээ тэнхлэгийн гол гудамж, зам дагуу зорчилт 36.5 км/цагийн тогтмол хурдтай болж, нэг чиглэлд дунджаар 31.25 минут зарцуулах тооцоо гарсан байна. Оргил ачааллын үеийн галт тэрэг хоорондын хүлээлтийн хугацаа буюу интервал 4-5 минут байх бөгөөд оргил цагийн зорчигч урсгалын хүчин чадал 17,206 зорчигч байна. Энэ нь өнөөгийн авто зам, автобусанд суурилсан тээврийн системийн даацаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.
Түүнчлэн метро нь хотын орон зайн хөгжлийг зөв чиглүүлэх, дэд төвүүдийг тэнцвэртэй хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Метроны буудлуудын орчимд үйлчилгээ, ажлын байр төвлөрсөн нягтаршсан бүсүүд бий болсноор хотын төв рүү чиглэсэн нэг талын их урсгал саарч, суурьшлын бүтэц илүү зохистой болно. Мөн өвлийн эрс тэс уур амьсгалтай Улаанбаатар хотын хувьд цаг агаарын нөлөөнд бага автдаг, тогтвортой, найдвартай ажиллагаатай тээврийн хэрэгсэл гэдгээрээ метро нь нийтийн тээврийн системийн суурь шийдэл болж чадна.
Метро төслийг хэрэгжүүлэх нь тансаг сонголт бус, харин нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах стратегийн зайлшгүй шийдэл юм.
Холбоотой мэдээ
-
7 цаг 41 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Өчигдөр 15 цаг 40 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
2026-01-31