Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр (2026.02.10) Москва хотноо боллоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй уг хуралдаанаар хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга, хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, парламент хоорондын хамтын ажиллагааны чухал механизм болсон хамтарсан Комиссын хоёрдугаар хуралдаан өргөн бүрэлдэхүүнтэй эхэлж байгааг онцлоод өндөр дээд түвшний болон бусад салбарын харилцан айлчлал тогтмолжиж, хууль эрх зүйн орчин сайжирч, хамтарсан төсөл хөтөлбөрүүд урагшилж байгаад баяртай байна гэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, соёлын харилцааг хөгжүүлэх , улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, яриа хэлэлцээг өргөжүүлэх чухал талбар гэдгийг тэмдэглэв. УИХ-ын дэд дарга үргэлжлүүлэн монголын талаас оролцогчдыг танилцууллаа. Хуралдаанд, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Р.Сэддорж, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, А.Ариунзаяа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, П.Мөнхтулга, М.Мандхай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа нар оролцлоо.
Хуралдааны үеэр Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, Комиссын анхдугаар хуралдаанд яригдсан ажлууд бодитой хэрэгжиж, урагшилж байгаа ч талууд нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгааг хэллээ.
Тэрбээр, ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт амжилттай болсон нь хамтын ажиллагааны чухал механизмуудын нэг болсныг тодотголоо. Түүнчлэн Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулах, харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх хэрэгтэйг дурдаад, үүнд парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын үүрэг их гэдгийг онцлов. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх хөшүүрэг мөн гэдэгт талууд санал нэгтэй байлаа.
Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын төлвийн талаар үг хэлсэн. Энэ үеэр экспорт, импортын зөрүүтэй байдлыг анхаарах, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бизнесүүд хоорондын харилцаанд тулгардаг шимтгэл, төлбөрийн дарамтын асуудлыг хөндлөө.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг тодотголоо. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөгдөх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн гэдгийг онцлоод харилцан өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд тарифын бус саад тотгорыг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр санал солилцсон юм.
Тээвэр, дэд бүтцийн салбарын хоёр талын төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Б.Дэлгэрсайхан сайд үг хэлэхдээ хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын бүтээн байгуулалт болон төмөр зам, агаарын тээврийн асуудлыг онцоллоо. Хоёр орны төмөр замын харилцаа нь эдийн засгийн төдийгүй бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтойг хэлэв. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төсөлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэйг тэмдэглээд суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлд санхүүжилтийн эх үүсвэрийн асуудал тулгарч байгааг дурдлаа. Түүнчлэн хоёр талын төлөөллүүд хил орчмын бүс нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтот санаачилгуудыг дэвшүүлж, санал солилцсон юм. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх жил Монгол Улсад зохион байгуулах юм байна
Холбоотой мэдээ
-
10 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин
-
Өчигдөр 11 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 07 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Уржигдар 16 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин