“НЭГДСЭН ОРОС” НАМЫН ДАРГА Д.А.МЕДВЕДЕВТЭЙ УУЛЗАВ
Үйл явдал
/
1 цаг 45 мин

Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.

Монгол Ардын Намын дарга Н.Учрал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд эрх баригч намууд хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод сүүлийн жилүүдэд Монгол Ардын Нам болон “Нэгдсэн Орос” нам хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн онд байгуулсан Монгол Ардын Нам, “Нэгдсэн Орос” намын хооронд 2025-2027 онд бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх тухай Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хоёр намын залуучууд хоорондын найрсаг харилцаа, нөхөрлөл бэхжиж буйг тэмдэглэж, цаашид залуучуудын солилцоо, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглэв.

Хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг цаашид тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа намын дарга нар мөн энэ үеэр онцлон тэмдэглэв.

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведев Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй айлчлал хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын эрх баригч нам хоорондын харилцааг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Талууд цаашид эрх баригч нам хоорондын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэх, түүнчлэн намын залуу гишүүдийн бүтээлч хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.  

Уулзалтад Монгол Ардын намын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар, намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, УИХ дахь намын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар оролцов.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.