Богино хугацаанд ажилласан ч ихийг амжуулсан Ерөнхий сайд
Батхуяг
Нийтлэл
/
2 цаг 4 мин

Гомбожавын Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдож байв. Тэгвэл 287 өдөр буюу дөнгөж есөн сар ажиллаад албаа хүлээлгэж өглөө. Ингэснээр тэрбээр Монгол Улсын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан дөрөв дэх Ерөнхий сайдаар тодорч байна.

Үнэндээ бол  тэр ямар нэгэн алдаа гаргаагүй. Бусад шиг төрөөс хулгайлсан, төсөв тоносон, баялгаа гадныханд өгсөн, нууц гэрээ зурсан гэх элдэв хар түүх түүнд үгүй. Харин улс төрд үүссэн гацаа, намын зовлонгоо төрийн зовлон болгосон хэсэг бүлгийн өмнө гарц нээхийн тулд эрх мэдлээс татгалзав. Тэрхүү “зовлон” гэгчийн ард ямар сонирхол, гадны явуулга, баялгийн эздийн хатгаас байсан одоо ил болохгүй байж болох ч цаг нь болохоор илчлэгдэх биз ээ. Ямартай ч ийм зориг хэрийн улстөрчөөс гарахгүй, гарч ч байгаагүй. Ямартай ч энэ цаг үед тэр чадлаа.

УИХ-ын даргаар хоёронтоо сонгогдон ажилласан нь, Гадаад харилцааны сайд байсан хүний хувьд дипломат харилцааны арвин туршлага нь нөлөөлсөн ч биз

Богино хугацаанд ажилласан ч Г.Занданшатар ихийг амжуулсан Ерөнхий сайд байв. Үүнд УИХ-ын даргаар хоёронтоо сонгогдон ажилласан нь, Гадаад харилцааны сайд байсан хүний хувьд дипломат харилцааны арвин туршлага нь нөлөөлсөн ч биз. Тодруулбал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэхэд  тэрбээр Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгахыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михайл Мишустинээс хүссэн нь талаар болоогүй. Үүнээс ч өмнө нь  шатахуун тасалдах, үнийн савлагаа үүсэх нөхцөл байдал үүсэж л байсан. Тухайн үед Г.Занданшатар  УИХ-ын дарга байхдаа хоёр улсын парламентын түвшинд асуудлыг ярьж шийдүүлж байсан удаатай.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдоод түүний хийсэн хамгийн том ажил бол  эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого хэрэгжүүлсэн. Татварын гурав дахь шатны шинэчлэл, зээлийн хүүг бууруулах, экспортыг нэмэгдүүлэх замаар  2025 оны эхээр хагас уналтад ороод байсан  эдийн засгийг оны төгсгөлд  6.8 хувиар өсгөж, тогтворжуулсан юм.  Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн.Улмаар зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж УИХ-д өргөн барьсан бол төсвийн сахилга баттай байж, 2.2 их наядын хэмнэлт, есөн  хувийн цомхотгол хийхээр  ажлаа эхлүүлээд байв. Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг болохыг Г.Занданшатар онцолж байв.  Тэр “Монгол төр байгаа цагт Оюутолгойгоос 60 хувийн өгөөж хүртээх нь зөв” гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, энэ чиглэлд хүрд эргүүлэн “Рио Тинто”-д  шаардлагаа тулгасан Монголын анхны Ерөнхий сайд гэж түүхэнд бичигдэх байх.

Монгол төр байгаа цагт Оюутолгойгоос 60 хувийн өгөөж хүртээх нь зөв

Магадгүй энэ учир шалтгааны улмаас  түүнийг албан тушаалаас нь зориуд буулгах улс төрийн хор, “ордны хуйвалдаан” явагдсан байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч тэр Ерөнхий сайд ингэж ажиллаж болдог юм байна гэдгийг есхөн сарын хугацаанд харуулж, богино хугацаанд ихийг амжуулаад албаа хүлээлгэн өгөв. Дараагийн Ерөнхий сайд нарт хичээл заалаа. Ингэж ажиллаж болдог гэдгийг харуулсан  нь улс төрд ирж яваа хэн бүхэнд жишиг болж  үлдлээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.