Өвөр Байгалийн хасаг цэргийн нийгэмлэг залуустай уулзлаа
Үл-Олдох
/
1 цаг 54 мин

ОХУ-ын Өвөр Байгалийн хасаг цэргийн нийгэмлэгийн төлөөлөгчид нь 2026 оны гуравдугаар сарын 26-нд Улаанбаатар дахь РЦНК буюу “Русский Дом”-ын түүхийн клубын уулзалтад уригдан оролцов.

Тус нийгэмлэгийн залуучууд  олон улсын “Дэлхийн ард түмний чуулган”  ТББ-н дэмжлэгээр “Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан 105 сайн үйлс” төслийн шугамаар Монголд хүрэлцэн иржээ.  ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, Өвөр Байгалийн хасаг цэргийн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч  С.Н.Ворожейкин, “Эр зориг”-ийн одонт, цэргийн тусгай ажиллагааны оролцогч П.Г.Игумнов, төлөөлөгчдийн тэргүүн А.В.Туголуков болон Монгол Улсын баатруудын хүүхдүүдийн “Үхэвч үнэн” ТББ-ын тэргүүн Ү.Билэгсайхан нар клубын гишүүдэд хандан үг хэлэв.

Өвөр Байгалийн хасаг цэрэг нь  1851 оны гуравдугаар сарын 17 -нд I Николай хааны зарлиг, Зүүн Сибирийн ерөнхий захирагч Н.Н.Муравьев-Амурскийн санал тавьснаар өөрийн нутаг дэвсгэрт  Сибирийн хасаг цэргүүд, буриадын, эвенкийн зэвсэгт хорооны нийт 48169 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. Тус зэвсэгт хүчин нь Оросын эзэнт гүрэн болон Манж Чин улсын хоорондох хил дээр алба хаасан юм. Улмаар 1905 оны Орос-Японы дайн, Дэлхийн I дайнд оролцож байв. 1859 оноос 6 хороо, 12 батальоны нийт 200 гаруй тосгоны сургуулиудын үйл ажиллагааг эрхэлж, хүүхдүүдийн боловсролд анхаарал тавьж байжээ. Ингээд Зөвлөлт засаг тогтсоноор 1920 онд татан буугдсан юм. 1990 онд үйл ажиллагаагаа сэргээснээр 1991 онд “Өвөр Байгалийн хасгууд” нэртэй чуулга уулзалтыг  зохион байгуулсан байна.

“Русский Дом”-ын түүхийн клубын уулзалтад оролцогчид 1921 оны Монголын Ардын Засгийн газар болон Зөвлөлт  Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг, 1936 оны Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протоколын ач холбогдлыг өндрөөр үнэлэв.

Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулийн оюутнууд, В.Р.Филипповын нэрэмжит Буриад улсын хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд нь ОХУ-Монгол Улсын соёлын салбарын хамтын ажиллагаа, Буриад-Монголын автономит улсын тус хоёр орны найрамдалт хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр мөн БНМАУ-аас Агуу Их эх орны дайны үед Зөвлөлт Холбоот Улсад үзүүлсэн тусламжийн талаар илтгэл тавилаа. Буриадын ХААИС-н оюутан Юрий Тюткин өөрийн зохиосон “Хасаг цэргийн зүрх” шүлгээ уншсан нь сонсогчдын сэтгэл зүрхэнд хүрсэн юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.