Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн эрх зүйн зохицуулалтын асуудлаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс хуульчид болон иргэний нийгмийн төлөөллүүдийн хамт хэвлэлийн хурал хийлээ.
АТГ-ын дэргэдэх ОНЗ нь авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг төлөөлөх, манлайлж оролцох чиг үүрэгтэй.Энэ дагуу нийгэм, олон нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгч ТББ-уудтай хамтран мэдээлэл хийсэн нь энэ юм.УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн зохицуулалтын асуудал хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал өнөөдөр анх яригдаж буй сэдэв биш юм. Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуульд энэ заалт тусгагдсан байдаг.2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд мөн лавшруулан тусгасан нь бий. Гэвч үүнийг бусад хуулиар бэхжүүлээгүй учраас өнөөдөр бидний итгэж, сонгосон УИХ-ын гишүүд, иргэдийг төлөөлөх эрх бүхий байгууллага Улсын Их Хурал өөрөө хүнд нөхцөлд ороод байна. УИХ нь даргаа сонгож, баталж чадахгүй гацсанаас, шинээр томилогдсон Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлж чадахгүй замбараагүй байдал үүссэнээс энэ бүхнийг харж болно.
“УИХ-ын гишүүдийн задарсан, иргэдийн зутарсан хоёр яг тэнцэнэ”
АТГ-ын дэргэдэх ОНХЗ-ийн дарга Г.Ганбат хэлэхдээ “Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолд баян, ядуугийн ялгааг “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” хэмээн зүйрлэсэн байдаг бол өнөөдөр иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүдийн задарсан, Монголын ард түмний зутарсан хоёр тэнцэнэ. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн ялзарсан, манай ард түмний ядарсан хоёр ч тэнцэж байна.Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль нь Үндсэн хуульт тогтолцоог сэргээхэд чиглэсэн. Хоёрдугаарт, УИХ-ын нөхцөл байдал нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн.Тиймээс энэ хуулийг баталснаар үндэсний аюулгүй байдлыг сэргээхэд чухал алхам болно” хэмээн онцлов.
Өнөөдрийн байдлаар АТГ-т шалгагдаж буй УИХ-ын гишүүдийн тоо хэвлэлээр гарч буй мэдээллээр бол арав хол даваад байсан бол 30 шахам болсон гэсэн мэдээлэл байна. Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс дараах шаардлагыг дэвшүүлж байгаагаа танилцуулав.
“Боловсролгүй, хуурамч дипломтой, худалч хулгайч, биеэ үнэлэгч хүн ч гишүүн болох ойлголт өгч жишиг тогтоож байна”
Тус шаардлагад "Монгол Улсад сүүлийн 30 жилд парламентын засаглалыг гажуудуулсны хамгийн гол шалтгааны нэг нь УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан эрхийн хэмжээ хэрээс хэтэрч, хэмжээгүй эрхт хаадын эрх ямбыг эдлэх болсон явдал юм.
Бусад улсын хувьд ёс зүйн хэм хэмжээгээр парламентын гишүүдийг эгүүлэн татах асуудал шийдвэрлэгдэж, Эрүүгийн хэрэгт холбогдогчдыг нэн даруй хуулийн байгууллага шалгаж, хариуцлага тооцож байгаа нь шударга ёсны зарчим юм. Гэтэл манай УИХ-ын гишүүд Үндсэн хууль, парламентын тогтоосон хэм хэмжээг зөрчиж, үндэсний уламжлал, ёс заншлыг үл хүндэтгэх, төрийн албаны нэр хүндийг гутаах, үг харилцаа үйлдлээрээ бусдыг дорд үзэх, элдэв зохисгүй доромж үг хэрэглэх, нэгнийгээ гүтгэх, эмзэг мэдээллийг нь тараах, албан бус хувцаслах, хувийн бизнес, гэр бүлийнхээ маргааныг хүртэл сурталчлах, Засгийн газрын ордонд ч архидан согтуурах, түүний улмаас хүн амиа алдах явдал ч гарч согтуугаар хурал удирдах, гишүүд согтуугаар ярилцлага өгөөд зогсох хүртэл ёс зүйгээ гээчихээд байна.
Боловсролгүй, хуурамч дипломтой, худалч хулгайч, биеэ үнэлэгч хүн ч гишүүн болох ойлголт өгч жишиг тогтоож байгаа тул ёс зүйн асуудлаар гишүүнийг эгүүлэн татах хуулийг нэн даруй баталж хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Түүнчлэн сүүлийн хэдэн жилд Үндэсний аюулгүй байдалд нэн аюултай нөхцөл байдал үүсэж, бүх хуулийг зөрчсөн нүүрсний гэх бүлэглэл ч хүчээ авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг парламентын танхимд үйлдэгдлээ.
Луйвар хулгайгаар хөрөнгөжсөн этгээдүүд хууль бус үйлдлээ нуух, хаацайлах, ял шийтгэлээс мултрахын тулд 30 жил УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэх зүйлээр хамгаалуулдаг жишиг тогтсон байна. Иймд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ нэн даруй хэлэлцэн баталж, баталсан өдрөөсөө хэрэгжүүлэн мөрдүүлэхийг шаардаж байна” гэв.
Гэтэл УИХ-ын гишүүд, мөн гишүүн болохоор горилж яваа зарим хүн тус хуулийг “иргэдийн сонгох эрхэд халдана”, “парламентыг дархлаагүй болгоно” хэмээн эсэргүүцэн шүүмжилж байгаа нь нууц биш. Хэвлэлийн хуралд оролцогчид хэлэхдээ “Иргэд, олон нийтийн зүгээс бол энэ хуулийг эсэргүүцэх хүн байхгүй. Яагаад гэвэл ард түмэн энэ хуулийг 34 жил хүлээсэн. Өөрсдийн төлөөллийг хариуцлагажуулъя, төр, улсынхаа нэр хүндийг өргөе гэсэн чин сэтгэлтэй байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг эргүүлэнг татах тухай хуулийг батлуулахын төлөө бид хамтран ажиллана” гэсэн юм.
Хэвлэлийн хуралд АТГ-ын ОНХЗ-ийн дарга Г.Ганбат, хуульч, өмгөөлөгч А.Батдорж, “Шинэ мөнгөний бодлого” ТББ-ын тэргүүн Т.Баярхүү, АТГ-ын ОНХЗ-ийн гишүүн Д.Гантөмөр, “Хүний эрх, шударга ёс” төвийн тэргүүн, хуульч Ц.Оюунбаатар, эдийн засагч Х.Батсуурь нар оролцож, мэдээлэл хийлээ.
-
4 цаг 14 мин
-
9 цаг 5 мин
-
22 цаг 40 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 17 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
9 цаг 5 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
22 цаг 40 мин
-
Өчигдөр 17 цаг 57 мин