Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ. Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн гишүүд Байнгын хорооны гишүүдэд танилцуулж, асуултад хариуллаа.
Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хуулийн төсөлдөө:
• Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
• Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
• Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.
Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно гэж Ерөнхийлөгч үзэж байна.
Мөн УИХ-ын гишүүн сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.
Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгч ингэж парламентын дархлааг унагаж болохгүй. Ерөнхийлөгчийг шүүмжилсэн хүн ЁС ЗҮЙГҮЙ, Ерөнхийлөгчийг магтсан нь ЁС ЗҮЙТЭЙ гэж үзэх үү" хэмээн байр сууриа илэрхийлж, хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.НОМИНЧИМЭГ "Хуулийн төслийн дөрвөн заалтаас хоёрыг нь дэмжиж, хоёрыг нь дэмжиж болохооргүй байна. Ёс зүйг бүрэн хуульчилж болдоггүй. Ёс зүйг яг яаж хуульчлахыг тодорхой оруулж ир" гэв. Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Ерөхийлөгч бүх салбарын хуулийг санаачилж болно гэж заагаагүй. Энэ хуулиа татчих. УИХ ёс зүйг хуульчил гэж байгаа бол бид өөрсдөө хуулиа санаачилъя" гэв. УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд УИХ-ын гишүүн албан бус цагаар лайв хийх нь хүний эрхийн асуудал. Ингэж хүний эрхэд халдаж болохгүй. М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа гишүүдийн эрхийг хязгаарлая гэж байгаа бол бүтэхгүй. Намрын чуулганы хуралдаанд бараг суугаагүй С.ЛҮНДЭГ гишүүний ирц ЁС ЗҮЙН зөрчил үү, хариуцлагын асуудал уу гэдгийг асууъя" гэх зэргээр маргаан өрнүүллээ
Ингээд хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараагаар хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7%-иар санал дэмжигдэж дараагийн хэлэлцүүлэгт орохоор болов.
Холбоотой мэдээ
-
8 цаг 19 мин
-
8 цаг 36 мин
-
9 цаг 50 мин
-
12 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
2026-04-03
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин