Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд маргаан дагуулаад байна.
Хууль санаачлагчийн зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ажлын хэсгийнхэн төслөө хамгаалж УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар, УИХ-ын гишүүд болохоор парламентын хэн ч халдашгүй дархан байдлыг хамгаалах ёстой гэсэн байр сууриас хоёр тал “халзагнаж” байна.
Үнэндээ УИХ-д сонгогдсон л бол гишүүд “хаан, заан” мэт авирлаж, ёс суртахуунгүй байдал гаргах болсон нь олон нийтийг бухимдуулах болсон энэ цаг үед Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлан оруулж ирсэн нь “хонх цохисон” том сануулга юм. Энэ ч үүднээс олон нийтийн зүгээс зөв, зүйтэй гэх хүн цөөнгүй байна. Нөгөө талаас, Монгол Улсын Үндсэн хуульд УИХ, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглал бие биеийнхээ бүрэн эрхэд халдахыг хориглосон байдаг. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага бол Улсын Их Хурал. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 4.1-д, “УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж болохгүй” гэж цагаан дээр хараар бичиж баталгаажуулсан хуультай. Мөн УИХ-ын бүрэн эрхийн асуудлыг бусад хуулиар зохицуулахгүй гэсэн хуулийн заалт өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ.
Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл нь эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн үйлдэл, УИХ-ын бүрэн эрхэд халдах гэсэн “санаархал” болж сөргөөр ойлгогдож байна. Энэ ч үүднээс УИХ-д олон удаа сонгогдсон ахмад гишүүний нэг Ц.Даваасүрэнгээс эхлэн дээрх хуулийг сануулаад байна. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийлэхдээ “УИХ бол төлөөллийн байгууллага. Үндсэн хуульд “...Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ” гэж заасан. УИХ-ын гишүүн бол төрийн эрх баригч шийдвэр гаргагч хүн.Төрийн эрх баригч байгууллагын эрх мэдлийг зохицуулсан хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй. Тэгэхээр энэ төсөл Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн байдалд оруулж байна” гэдгийг гишүүдэд ч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ажлын хэсгийнхэнд хандан сэрэмжлүүлж бас сануулсан.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд “Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн” бол эгүүлэн татах заалтыг оруулж ирсэн. Тэгвэл ёс зүйн дүрэм нь юу болох, яавал зөрчсөн, зөрчөөгүй болохыг Ерөнхийлөгч болон аль нэг өөр субьект заахгүй, тийм эрхгүй. Үүнийг ч Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал зөвшөөрч “Ёс зүйн асуудлаа УИХ өөрөө тодорхойлно” хэмээн чуулганы хуралдаан дээр хэлж байсан.
Өнөөдөр дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж, геополитикийн шинэ нөхцөл байдал үүсэж буй үед хаа хаанаа үүнийг анхаарууштай байгаа нь ч үнэн. Тэр тусмаа эрх барьж буй нэг намын дотоод зөрчил, хагарал талцал Засгийн газраа хоёронтоо огцруулж, УИХ-ын даргыг сонгох болон сайд нарын томилгоо улс төрийн “барьцаанд” орж, төрийн ажил гацаж, улс орноо тав хоног “Эзэнгүй айл” шиг болгосон байтал залгуулаад ийм хуулийн төсөл орж ирсэн нь дахиад нэг тогтворгүй байдал үүсгэх, цаашлаад УИХ, Ерөнхийлөгчийн институц хооронд маргалдаан гарвал юу ч болж мэдэх нөхцлийг бүрэлдүүлж болзошгүй байдал үүсгэв.
Дээр нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчийг муухай харагдуулж байна. Хуулийн төслийг хүчээр хэлэлцүүлж, батлуулах гэж байгаа мэт гишүүдийг хэл амаар доромжилж, доктор хамгаалахдаа дүнгээ гуйж тавиулсан гэх мэт хэт хувийн чанартай зүйлүүд ярьсан нь ингэж дүгнэхэд хүргэж байна.
Энэ нөхцөл байдалд Ерөнхийлөгч хууль санаачлахын оронд зарлиг гаргасан бол зөв байж уу гэж бодогдоно. Морин хуурыг айл бүр хоймортоо дээдлэн залах тухай, түүнчлэн Их Эзэн Чингис хааны эш хөргийг айл өрх, байгууллага бүр хоймортоо зална гэсэн Ерөнхийлөгчийн зарлигийг олон нийт ёсчлон дагасан, хэрэгжүүлсэн.
Түүн шиг Ерөнхийлөгч “Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн” бол эгүүлэн татна гэхийн оронд “УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг байя” хэмээн зарлиг гаргасан бол хууль зөрчсөн болохгүй байх байж. Учир нь тэртэй тэргүй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байхаар Үндсэн хуульд заачихсан, өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа шүү дээ. Тэгвэл хуулийн тэр л заалтыг хүчтэй болгон зарлигаар бататгасан, олон нийтийн хүсэл хүлээлтийг мэдэрдэг Ерөнхийлөгч болохоо харуулах байсан бус уу.
-
Өчигдөр 14 цаг 21 мин
-
Өчигдөр 14 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 03 мин
-
Өчигдөр 11 цаг 07 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Өчигдөр 09 цаг 18 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Уржигдар 22 цаг 06 мин
-
Уржигдар 21 цаг 47 мин
-
Уржигдар 22 цаг 06 мин
-
2026-04-03
-
Уржигдар 21 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 14 мин
-
Уржигдар 13 цаг 14 мин
-
Өчигдөр 14 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 41 мин
-
Уржигдар 19 цаг 25 мин