Дүүргийн 1-34 хорооны оршин суугчидтай уулзах уулзалт 26-р хорооноос үргэлжилж байна.
Батхуяг
/
1 цаг 47 мин

Манай дүүргийн урд бүсэд байрлах 24, 26-р хороо нь хүн ам ихээр төвлөрсөн суурьшлын бүс. Зөвхөн 26-р хороо буюу “Нарны хороолол” гэхэд 20 мянга гаруй буюу нэг аймгийн хэмжээний хүн амтай бол замын эсрэг талд байрлах 24-р хороонд 16 мянга орчим иргэн оршин суудаг. Дээрх бүсийн хотхон хорооллууд сүүлд баригдсан тул цэцэрлэг, сургуулийн хүртээмж хангалтгүй. Энэ нь оршин суугчдын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал байсаар ирсэн. Харин сүүлийн 4-5 жил шат дараатай арга хэмжээ авснаар дээрх 2 хороонд улс, нийслэл, дүүргийн ТХО-аар нийт 6 цэцэрлэг ашиглалтад оруулсан байна.

Гэвч сургуулийн хүртээмжийн асуудал одоо ч хүнд. 26-р хороонд төрийн өмчийн 141-р сургууль л үйл ажиллагаа явуулдаг, дээрх 2 хорооны 4500 гаруй хүүхэд суралцдаг. Ачаалал хэт өндөр тул 3 ээлжээр хичээллэх эрсдэл үүссээр байгаа. Иймд нийслэл, дүүргийн зүгээс анхаарал хандуулснаар энэ онд 141-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг НТХО-аар барих ажлыг эхлүүлэхээр болсон.

Иргэдтэй уулзах уулзалтын үеэр оршин суугчид өөрсдөд тулгамддаг олон асуудлыг хөндөж санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал, явган хүний болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц нэмэгдүүлэх, хороо болон ӨЭМТ-ийг шинэ байртай болгох, Нарны хороолол, Цагдаа хотхон орчмын ус тогтдог байршлуудад шугам хоолойг сайжруулах, авто болон явган замын нөхөөс хийх, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх гэх мэт...

Дүүрэг орон нутгийн зүгээс иргэдэд тулгамддаг дээрх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал,

Өнгөрсөн онд 26-р хорооноос Нарны зам руу гарах явган хүний гүүрийг НТОХ-аар барьсан. Ингэснээр авто замын түгжрэл буурснаас гадна зам тээврийн осол бүртгэгдээгүй гэсэн сайн мэдээг Цагдаагийн байгууллагаас өгч байна.

Мөн “Нарны хороолол” доторх гэрэлтүүлгийг өмнө нь СӨХ-д хариуцдаг байсан. Ингэхдээ цахилгааны төлбөр хэт өндөр гарч байна гэсэн шалтгаанаар асаахгүй зэрэг зөрчил гарч байсан. Иймд иргэдийн гомдлын дагуу хотхон хороолол доторх гэрэлтүүлгийг энэ жилээс дүүрэг өөрийн мэдэлд авч, ашиглагч компанид хүлээлгэн өглөө.

Түүнчлэн Хорооны цогцолбор байрны газрын асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн байршилд судалгаа хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд энэ тухай мэдээллийг холбогдох хэлтсийн дарга нар маань оршин суугчдад өглөө.

Энэхүү уулзалтын дараа оршин суугчдын хэлсэн саналуудыг нэгтгэсэн Ажлын даалгавар гаргах бөгөөд зарим ажлыг энэ он болон ирэх онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллана. Мөн яаралтай шийдвэрлэх асуудлууд дээр дүүргийн Менежерээр ахлуулсан Ажлын хэсэг ирж, газар дээр нь зөрчлийг арилгуулж ажиллах юм.

26-Р ХОРООНД ЭНЭ ОНД ХИЙГДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

НЕБ-ын 141-р сургуулийн өргөтгөлийн барилга /НТОХ/

Хотын гол болон орон сууцны хороолол доторх авто замын засвар шинэчлэлийн ажил, /НТОХ/

Тохижилтын ажил /НТХО/

НЕБ-ын 141-р сургуулийн спорт заалны шалыг шинэчлэх ажил, /ДТХО/

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил, /ДТХО/

Нийтийн эзэмшлийн 6 байршилд гэрэлтүүлэг суурилуулах ажил /ДТХО/

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.