“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг 2 өдөр үргэлжиллээ
Үйл явдал
/
1 цаг 46 мин

“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.

Энэхүү хэлэлцүүлгийг Улаанбаатар болон Сөүл хот орон сууцны бодлогын чиглэлээр туршлага солилцох, амжилттай хэрэгжиж буй жишиг төслүүдийг хэлэлцэх, орон сууцны шинэ шийдлүүдийг тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Эхний өдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотыг тогтвортой, аюулгүй, ухаалаг хот болгон хөгжүүлэх хүрээнд хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулж, хотод хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслүүдийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг ярилцан, шийдвэрлэх боломж, арга замыг тодорхойлсон.

Харин өнөөдрийн хэлэлцүүлгээр нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган, дахин барих төслүүдийг танилцуулж, цаашдын хэрэгжилтийг хэлэлцэв.

Танилцуулгын үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн “Улаанбаатар хотын хуучирсан орон сууцуудыг үе шаттайгаар шинэчилнэ. Энэ нь иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, мөн хотын хөгжлийн стратегийн чухал хэсэг юм” гэв.

Үргэлжлүүлэн Сөүл хотын дахин төлөвлөлт, байгуулалтын бодлого, хэрэгжилтийн талаар Сун Чонь Ми илтгэл тавьж, иргэдийн оролцоонд тулгуурласан дахин төлөвлөлтийн загвар, нэгдсэн дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулав.

Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга О.Одбаяр “БНСУ-ын орон сууцны бодлого, төлөвлөлтийн талаар хоёр өдрийн турш суралцаж, туршлага солилцлоо. Цаашид Сөүлийн үндэсний их сургуультай гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, товхимол ном гаргах зэрэг тодорхой шийдэлд хүрч байна гэлээ.

Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Ли Ин Гын “Би ШУТИС-д хот байгуулалтын тэнхим байгуулах асуудлаар Улаанбаатар хотод ирсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хот төлөвлөлт эмх цэгцгүй тэлэх, зам тээвэр, орон сууц нийлүүлэлт, дэд бүтцийн инженерчлэлийн шугам сүлжээ зэрэг олон сорилт тулгарч байна. БНСУ эдгээр бэрхшээлийг мөн адил туулж ирсэн туршлагатай. Иймд бид хоёр өдрийн хамтарсан хэлэлцүүлгээр сайн туршлагаасаа хуваалцаж, санал солилцлоо.

Аливаа хөгжлийг эхлүүлэхэд хамгийн түрүүнд иж бүрэн төлөвлөлт чухал байдаг. Үүний дараа хотын авто замын сүлжээг зөв зохион байгуулж, үе шаттайгаар хөгжүүлэх шаардлагатай. Авто замын асуудлыг шийдсэний дараа зам дагасан орон сууцны барилгажилтыг төлөвлөх нь илүү үр дүнтэй. Сөүл хотын хувьд зөвхөн орон сууц барихад анхаардаггүй. Гадна орчны тохижилт, ногоон байгууламжийг цогцоор нь төлөвлөж, дэд бүтцийн бүх асуудлыг иж бүрнээр шийдсэн байдаг” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.