Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 13 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзлаа.

Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.

Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэллээ.“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байна.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшин, орон нутаг, улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ, манлайлагч болох эдгээр хүүхдийг сургаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь багш нар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Багш нар бол ёс суртахууны ноён оргил байх учиртайг хэллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.        

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд  боловсролын салбарт бодит үр нөлөө үзүүлж байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ.

2023 онд Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Ерөнхийлөгч ивээл дороо Улаанбаатар хотноо зохион байгуулж байлаа. Мөн эх орондоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон.

Үүний дүнд хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.

“Эрүүл монгол хүн”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдэд зөв хооллох, эрүүл мэнд, зөв дадал, чадвар төлөвшүүлэхийг давхар зорьдог.

Дунд сургуулиуд “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн шилжсэн бөгөөд энэ хичээлийн жилээс “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөр эрчимжсэн нь дээрх хоёр хөдөлгөөний үр дүн төдийгүй хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болжээ.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүхийн багш нарын Их хурал, улсын зөвлөгөөн болсон бол монгол хэлний багш нар зөвлөгөөнөө хийж, ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц, шийдлээ хэлэлцэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.