Монгол Улсыг Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2-р компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдэв”-ийн нээлтийн ёслол боллоо. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд энэхүү Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь ашиглалтанд орж байгаа бөгөөд нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон АНУ ын Мянганы сорилтын корпорацын тамгын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри нарын албаны хүмүүс уригдан орцолцлоо.
Өнөөдөр бид долоон эх үүсвэрээс жилдээ 58 сая метр куб ус олборлон унд, ахуйдаа хэрэглэж байна. 2016 оноос эхлээд эрдэмтэд, тэр дундаа Дэлхийн банкны усны нөөцийн 2030 байгууллага, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын судлаач мэргэжилтнүүд одоо ашиглаж байгаа долоон эх үүсвэрийн нөөц дээр судалгаа хийсэн. Ингээд “2023, 2024 оноос эхлээд эх үүсвэрүүдийн нөхөн сэргээгдэх хэмжээ, хэрэглэж байгаа хэмжээтэйгээ нэг түвшинд ирэх нь. Үүнээс хойш нөхөн сэргээгдэж байгаа хэмжээ нь хэрэглээгээ гүйцэхгүй болох эрсдэл байна” гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүсэж байна гэсэн энэ дүгнэлт гарсан үг. Үүнд үндэслээд Усны Компакт гэрээ буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр болсон. Усны Компакт маань АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт, нийтдээ 461.7 сая долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилд оруулж байгаа хамгийн өндөр хөрөнгө оруулалт юм.

Ус хангамжийн Баруун эх үүсвэр, заримдаа доод эх үүсвэр ч гэж нэрлэдэг энэ шинэ эх үүсвэрийг ашиглаж эхэлснээр дангаараа жилдээ 50 сая хүртэл метр куб ус олборлох боломжтой, Улаанбаатар хотын хамгийн том ундны усны эх үүсвэр болж байна. Хэдийгээр Улаанбаатар хотын усны хэрэглээ барилгажилт, хүн амын өсөлт гээд олон хүчин зүйлээс шалтгаалах боловч бид ямар ч байсан ойрын 30 жилдээ ундны усны хомсдолд орохгүй байх өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна гэж ойлгож болно.
Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг аль болох цогцоор нь харж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьсон.Үүнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, хоёр дахь Хаягдал ус дахин боловсруулах төсөл, гурав дахь нь Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл. Эхний хоёр төслийн хувьд дэд бүтцийн төслүүд, ус хангамжийн шинэ эх үүсвэр, шугам хоолой, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр гэх мэт томоохон дэд бүтцийг барьж байгуулж байгаа. Гурав дахь төслийн хувьд энэ дэд бүтцүүд, үйлдвэрүүдээ урт хугацаанд тогтвортой ажиллуулах, усны салбарт оруулж байгаа энэ том хөрөнгө оруулалтын үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилготой зөөлөн дэд бүтцийн, бодлогын чанартай жижиг төслүүдээс бүрдэж байгаа.

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл буюу эхний дэд бүтцийн төслийн хүрээнд гүний худгууд, шугам хоолойн барилга угсралтын ажил багтаж байгаа бөгөөд энэ шинэ эх үүсвэрээсээ олборлосон усаа Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлээд хотын хэрэгцээнд нийлүүлэх Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн барьж байгуулж байгаа. Биокомбинат, Шувуун фабрик орчимд байгуулж байгаа шинэ эх үүсвэрийн талбайдаа нийтдээ 30 гүний худаг гаргаж тоноглож байна. Шувуун фабрик орчмоос 16, Биокомбинат орчмоос 14 гүний худгаас ус татан авна. Худгууд маань 70 метрийн гүнтэй. Худгуудад суурилуулах насосууд Монгол Улсдаа хамгийн том гүний усны насосууд болж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр маань бас Монголд анх удаа ундны усыг цэвэршүүлэх том хэмжээний цогц үйлдвэр юм.
-
10 цаг 43 мин
-
Өчигдөр 17 цаг 42 мин
-
Өчигдөр 16 цаг 40 мин
-
Өчигдөр 16 цаг 38 мин
-
Өчигдөр 16 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 01 мин
-
Өчигдөр 16 цаг 00 мин
-
Өчигдөр 15 цаг 55 мин
-
Өчигдөр 14 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 33 мин
-
Уржигдар 10 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 10 мин
-
10 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 59 мин