"COP17" гэж юу вэ?
Ulsturch.mn
Үйл явдал
/
8 цаг 52 мин

COP17: Монгол Улс дэлхийн анхаарлын төвд

Монгол Улс 10 жилийн өмнө АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байсан бол энэ удаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын COP17 бага хурлыг хүлээн авах гэж байна.

Яагаад Монголд болсон бэ?

COP хурлыг бүс нутгуудаар ээлжлэн зохион байгуулдаг. Монгол Улс 2022 онд нэрээ дэвшүүлж, оролцогч орнуудын 100 хувийн дэмжлэгээр 2026 оны COP17-ыг зохион байгуулах эрх авсан. Нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуй, цөлжилтийн асуудал, мөн 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил” болгон зарласантай холбоотойгоор Монголыг сонгожээ.

Хэн оролцох вэ?

COP17 наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт болно. Одоогоор 100 гаруй улсын Байгаль орчны сайд, 3000 гаруй гадаад төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байна.

Юу хэлэлцэх вэ?

Хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачиг, усны менежмент, хөрсний нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Албан ёсны хэлэлцээ цэнхэр бүсэд, олон нийтэд зориулсан арга хэмжээ ногоон бүсэд болно.

Бэлтгэл ажил

Хурлын бэлтгэл 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Түр байгууламж, инженерийн дэд бүтэц, хурлын танхим, холбоо, хамгаалалт зэрэг үндсэн ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд НҮБ-ын төлөөлөгчид бэлтгэлийг өндрөөр үнэлжээ.

Монголд ямар үр өгөөжтэй вэ?

COP17 нь Монголын цөлжилттэй тэмцэх бодлогыг дэлхийд таниулахын зэрэгцээ нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлнэ. Засгийн газар 1–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан бөгөөд аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 7000 орчим түр ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

Хурал зохион байгуулснаар Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд COP17-ын даргалагч орны хувьд хэлэлцсэн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг ахиулах үүргийг хүлээх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.