Р.ЭНХБАТ: Төр тэрбум тэрбумаар ЧАНАРГҮЙ СУРАХ БИЧИГ хэвлэж байна. Би тэгсэн бол АЛЬ ХЭЗЭЭНИЙ ШОРОНД хоригдох байсан биз...!
Батхуяг
Ярилцлага
/
1 цаг 15 мин

Монголчуудын соёл гэгээрэл хийгээд номын баяр, ном унших, уншсан номоо хэрхэн ойлгох, ном хэвлэх, хэвлэсэн номоо хэрхэн борлуулах, номын бизнес ашигтай, ашиггүй, салбар яам, төрийн бодлого нь зөв байна уу, байгаа онож байна уу зэрэг иргэдийн амьдрал ахуй, сурагчдын сурч мэдэх үйлсийн талаарх “хэрэгтэй яриа”-г та бүхэнд хүргэж байна. Энэ удаад “МОНСУДАР” хэвлэлийн газрын захирал, номын зүтгэлтэн Р.Энхбаттай ярилцсанаа хуваалцъя.

-Та сайхан намаржиж байна уу. Ажил үйлс бүтэмжтэй, бүтээл туурвил их үү?

Намаржаа дажгүй ээ. Бидний амьдралын намар жаахан хэцүү л болж байх шиг.

-Амьдралын намар яагаад хэцүү гэж..? Танд юу дохиолдов.

Миний амьдралын намар ч яахав явж л байна. Боловсролын амьдралын намар их л зутруухан болоод байгааг хэлэх гэсэн ухаантай юм. Боловсрол бол наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нэг хэвэндээ эргэлдсэн байдалтай. Хүмүүс бас яахаа мэдэхгүй, эргэлзсэн байдалтай. Ирж буцаж буй сайд нар томилгоо, сэлгээ хийгээд, өөрийн тоглолтоо хийгээд явдаг ийм болсон байна. Маш харамсалтай. Аливаа зүйл нэг хэвэндээ удаан байхаар хөгжил зогсдог. Мартагддаг. Боловсролын жинхэнэ хөгжил гэдэг ойлголт тэдний ой санамжнаас аль хэдийн арилсан байх. Шинэ нэртэй төслүүд, шинэ мөнгө л эргэлддэг. Өөр юу ч байхгүй.

-Мундаг мундаг мэдлэг чадвартай сайд нар олон л ирлээ шүү дээ. Тэд өөрчилж чадахгүй байна гэж үү?

Сургууль, цэцэрлэгүүдээр очоод үз. Тэнд байгаа хүмүүс өдөр тутмынхаа амьдралыг л яая гэж аргацааж байна. Ямар нэгэн шинэ юм хийе, шинэ зүйл бүтээе гэсэн эрмэлзэл хаана ч алга. Бодлогоор улс орны хөгжил өсдөг. Бодлого нь онол, мэдлэгт суурилдаг. Тэгвэл өнөөдөр боловсролын салбарыг удирддаг эрх мэдэлтэй хүмүүс улс орны ирээдүйг бус СОНГУУЛИА л боддог. Сонгууль бодсон хүмүүс түр зуурын ажил л хийдэг. Боловсролын хөгжлийн асуудал чинь олон жил ноцолдож байж үр дүнд хүрдэг зүйл. Үндсэндээ боловсролын бодлого байхгүй, үнэлэх үнэлэмж ч байхгүй л гэсэн үг. Том том мөнгөтэй, гоё нэртэй төслүүд л богино хугацаанд хэрэгждэг.

-Боловсролын жинхэнэ үнэлэмжийг тэгвэл яаж тогтоох юм бэ?

Жинхэнэ үнэлэмжийг “PISA” тогтоосон. Гурав, дөрвөн жилийн өмнө л эднийх “Гурван хүүхэд тутмын хоёр нь уншсанаа ойлгохгүй байна” гэдэг үнэлгээ гаргасан. Саяхны үнэлгээгээр өнөөх нь дахиад л давтагдаж. Бүүр дордчихлоо. Гэтэл манай яамныхан тэр дүнг нь арай нааштай талаар олон нийтэд ойлгуулж, ам хаагаад, тэгсхийгээд өнгөрөөчхөж байна. Боловсролын үнэлгээний төв, Боловсрол судлалын хүрээлэн зэрэг моодноос гарчихсан хуучин байгууллагуудын ажилчдаа цуглуулж орон нутагт ажиллуулна, Парис руу аялуулдаг. Үүнийгээ л юм хийсэн, өөрчлөлт хийсэн гэж дараагийн "PISA" үнэлэмжид оруулаад байгаа юм. Тэгэхээр Боловсролын яамны гол бодлого нь хэн нэгэн улстөрчийн дохиогоор хөдлөдөг хүмүүсээ төрд ажилтай байлгахад л анхаардаг юм байна гэж ойлгож болно. Тэрнээс биш хүүхдэд наалдах зүйл түй ч алга.

-Тантай гэхүү, танайтай холбоотой нэг асуулт хариултаас тань ургаж гарч ирлээ. Хүүхдэд наалдах зүйл түй ч үгүй гэж. Танайх сүүлийн үед сурагчдын сурах бичгийн “бизнес” рүү хүчтэй орчихлоо. Гэтэл саяхан бага ангийн сурах бичгийн хавтас нь гурван хөлтэй хүүхдийн зурагтай гээд л шүүмжиллээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

Сурах бичиг гэдэг бол их бага хэмжээгээр авлига явагдаж байна л гэж ойлго. Өөр юу байх юм. Хамгийн чухал нь хүүхдийн эрх ашиг байх ёстой. Саяхан энэ асуудлаар би хөөцөлдөөд явж байтал хяналт шалтгалтын байгууллагын нэг хүн надад ингэж хэллээ. “Намайг мэдээ ороход л сурах бичгийн маргаан гарч байсан. Одоо хүртэл үргэлжилсээр байна” гэсэн. Тэгэхээр үүнийг хэн хариуцдаг юм гэхээр ТӨР хариуцдаг. Тэр тусмаа Боловсрол судлалын үндэсний хүрээлэн гэдэг гоё нэртэй газар хариуцдаг. Тэр нь мафийн байдалд орчихсон. Ах дүү, найз нөхөд, бүлэглэлээрээ нийглж байгаад сурах бичиг гээч юм хийдэг. Төр хийж байгаа учраас хүмүүс итгээд авчихдаг. Шүүмжилдэггүй юм байна. Бид тийм зүйл хийсэн бол аль хэзээний шоронд орчихсон байх. Төрийн мэдлийн сурах бичиг хийхийн тулд хэдэн багшийг амралтад аваачаад, гурван долоо хоног “вакумжуулахад” бараг нэг тэрбум төгрөг салхинд хийсгэж байна. Энийг олж мэдээд хүнд хэлэхээр аан тийм үү гээд л өнгөрдөг. Түрүүний ярьсан их бага хэмжээгээр АВЛИГА БАЙДАГ гэдэг чинь энэ.

-Ийм ашигтай учраас танайх сурах бичиг зохиох, хэвлэл ажил руу шуудраад байдаг юм уу...?

Төрд байгаа энэ авлигыг тасалъя, сурах бичгийн агуулга, чанарыг хүүхдэд ашигтай болгох нь зөв биз дээ. Хэрэв хувийн хэвшил энэ ажлыг хийвэл дээр дурдагдсан мөнгөнөөс бараг арав дахин бага зардлаар хийнэ. Гол ялгаа нь төр хийвэл мөнгө их олно, хэл ам бага гарна. Ердөө л энэ. Хувийн хэвшил яагаад бага зардлаар хийж чадна вэ гэхээр ганцхан жишээ хэлье. “Pearson” гэдэг нэг байгууллага манай салбарт үйл ажиллагаа явуулаад дөрөв таван жил болж байна. Английн нэг хэвлэлийн газар шүү дээ. Эднийх манай салбарт “ногоон гэрлээр орж ирээд” багшийн ном, сурагчийн ном, дасгалын номыг өөрсдийнхөө хөтөлбөрт тохирсон хэв маягаар хийгээд түүнийгээ хүүхдэд хэрэглүүлээд явж байгаа.

-Үүнийг яам хүлээн зөвшөөрч байгаа юм уу?

Яам тэрийг дэмжиж байгаа. Хүлээн зөвшөөрөх нь бүү хэл өөрсдөө урьж авчирсан. Сайд нь оруулаад ирсэн. Хэвлэлийн газар гэдэг утгаар нь ярьж байгаа юм шүү, би. Энэ газар багшаа, сурагчаа үнэлдэг юм байна. Хүүхэд ойлгоогүй бол алдаа нь юу байгааг тэр доор нь засдаг. Жилд нэг удаа шалгалт авдаг. Үндсэндээ боловсролын цогц үйлчилгээ байх нь. Эднийд одоо үнэлгээний төв хэрэггүй, Боловсрол судлалын үндэсний төв хэрэггүй. Болж байна. Энэ сайн, зөв. Тэгэхээр моодноос гарчихсан, босоо тогтолцоотой байгууллагыг манайхан ажиллуулах, тэднийг санхүүжүүлэхэд их мөнгө зарах хэрэггүй байгаа биз дээ. Төрийн хийдэг бүх ажлыг гаднын нэг байгууллага бүгдийг нь хийж байна. Ийм хэрэггүй газруудыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх ямар шаардлагатай гэж. Тогтолцооны гажуудал гэдэг чинь энэ. Зах зээлийн, чөлөөт өрсөлдөөний нийгэмд орчихсон хэр нь хуучин тогтолцооны байгууллагууд чинь хэвээрээ байгаа учраас боловсрол хөгжихгүй байх нь аргагүй шүү дээ. Төр өөрөө өөрийгөө үнэлэхэд сайн л гэнэ. PISA-г яагаад Монголд оруулж ирэхгүй байсан бэ гэхээр сайдын ажил сонгуульд унах хэмжээнд байсан учраас тэр.

-Ер нь сурах бичиг хэвлүүлэх, тараах төсөв жилд хэд орчим төгрөг юм бол?

Тэр мөнгөний дээд хэмжээг би хэлж барахгүй. Замбараагүй байх. Бүх зүйл нь нууц. Асар их мөнгө гарын салаагаар урсаж байгаа.

-Та олон жил тэмцлээ гэж ярилаа. Гэтэл цаад санаа чинь их мөнгө эргэлддэг энэ салбарт “хамсаатан болж” сурах бичгийн тендер цохидог болъё гэсэн л санаа байгаа юм биш үү? Ашиг олох чинь бизнесийн зарчим биз дээ.

Ийм зүйл бүгдээрээ л бодоцгоодог байх. Хэлдэг нь цөөхөн. Та бизнес гэж ярилаа. Би өөрийгөө бизнес эрхэлдэг гэж боддоггүй. Энэ салбарт бизнес эхлэх цаг нь болоогүй. Манай монголын номын салбар бол дэндүү жижигхэн. Соён гэгээрлийн л ажил хийж байна. Нийт хүмүүсийн нэг хувь нь ном худалдан авч байна. Ном авсан хүмүүсийн нэг нь л номоо ойлгодог. Тэгэхээр чинь ямар юмных нь бизнес байх вэ дээ. Аа харин бизнес болгож байгаа хүмүүс байна. Жишээлбэл, Манай улсын Гадаад яамны сайдын нөхрийн компани номыг 70-80% хямдрууллаа гээд л зарах юм. Би гайхдаг. Тийм их ашигтай байдаг юм байхдаа. Бодож бодож нууцыг нь олсон. Тэднийх номын цаасны бизнес юм байна. Хямдралтай номыг нь авдаг хүмүүс гэж бас байна. Тэр нь номын сангууд. Номын сан нь цөөн хэдэн төгрөгтэй. Тэрэндээ тохирсон олон ном авч, номын фондоо баяжуулж байгаа хэлбэр. Ер нь бол мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс энэ салбарт саад тээг болж байна. Уг нь бол хамгийн сайн ном, сурах бичиг хүүхдэд хүрэх ёстой. Ингэж бодоод бид сүүлийн гурван жил ажиллалаа. Гэдэг гурав хоногийн дотор АI-гаар ном хэвлэх тендер зарлагдлаа. Тэр тендерт хэвлэх үйлдвэр бус тээврийн компаниуд орж ирээд шалгарчихлаа. Хоёр УИХ-ын гишүүний хэвлэх үйлдвэрт энэ эрхийг олгоод, хүүхдүүдэд тараачихсан. Ийм бусармаг зүйл байж болох уу... Хүмүүс тоохгүй байна.

-Ном бол ертөнцийг харах цонх, соёл гэгээрлийн хөтөч ч гэж томьёолдог. Та тухайлбал юу гэж тодорхойлох вэ. Ер нь НОМ гэж яг юуг хэлэх вэ?

Ном сайн, чанартай байх ёстой. Чанартай юм бол үнэтэй байх ёстой. Тэрийг зохиосон, хэвлэсэн хүмүүсийн үнэ цэнэ шингэсэн байх ёстой. Энэ салбарыг уг нь төрөөс дэмжих хэрэгтэй. Яг үнэндээ өмд цамц шиг л татвар төлж байна шүү дээ. Суругуль төгсөөд номын бараа хардаггүй хүн хэд билээ. Яагаад хүмүүсийн амьдралд ном хэрэггүй болчихсон юм бэ гэхээр болосролын системийн алдаа байсан гэж хэлнэ. Номноос залхаадаг, дүнгийн хойноос явдаг байсан учраас ийм байдалд хүрчихсэн. Ном нь амьдралд хэрэггүй юм байна. Ном унших чинь дүн авах хэрэгсэл биш юм шүү дээ. Хүний амьдралыг сайжруулах хэрэгсэл. Монголчуудыг бичиг үсэг тайлагдсан нь сайн байсан цаг бий. Одоо бол ийм хүнийг эрдэмтэй хүн гэж үзэхгүй. Ном бол эхлээд бичиг үсэг тайлагдсантай, дараа уншиж сулдах, дараа нь уншсанаа ойлгох, ойлгосноо амьдралд хэрэгжүүлэхэд л оршдог. Үндсэндээ ном уншихын ач тус бол тэр уншсан номноос ойлгосноороо амьдрах явдал. Ном бичсэн хүний амьдралаар амьдарч үзнэ гэсэн үг. Туршлага цуглуулж байна  аа даа. Эцсийн үр дүн нь хүний амьдрах чадварыг дээшлүүлж, хэрэг болдог байх явдал. Өнөөдөр яг үнэндээ номын тухай ярицллага хаана гарч байгаа юм. Ийм байхад улс орон хөгжихгүй байгаа нь аргагүй шүү дээ. Боловсрол нь номын эсрэг болчихсон энэ үед энэ бизнес болох ямар ч боломжгүй.

НОМ өмд цамцтай адилхан татвар төлж байгаа нөхцөлд түүнийг БИЗНЕС ГЭЖ ОЙЛГОХ ямар ч боломжгүй!!

-За тийм байдаг байж. Та түрүүн төрөөс номын салбарыг дэмжих ёстой гэлээ. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ивээл доор жилд хоёр удаа номын баяр болдог. Энэ төрийн дэмжлэг биш гэжүү?

Тийм зүйл чинь заримдаа тээртэй санагддаг. Оролцох ч хэцүү, оролцохгйү байх ч хэцүү. Явж явж талбай дээр цаасны л цуглуулга л болдог юм билээ. Номын баяр гэдэг чинь өөр. Зохиолчдоо өргөмжлөх, алдаршуулах, бичсэн ном зохиолынх нь тухай яриулах, гарын үсэг зуруулж худалдаж авах, ном зохиолч хоёроо зэрэг алдаршуулахыг номын баяр гэдэг. Хамгийн их уншигчтай зохиолчийг л хүртэл нэрлэж болдог. Гэтэл манайд бол төв талбайд номын хар зах л хоёр өдөр болдог. Өнгөрсөн номын баяр гэгчээр Германы хамгийн том номын үзэсгэлэнгийн дарга нь манай улсад ирлээ. Дундаж Азийн улс орнуудын ноын үзэсгэлэн ямар болдог, олон улсын номын баярт оролцох боломжтой эсэхийг судлаж, Монголын номын зах зээлтэй танилцах байж л гол зорилго нь. Тэр хүн ирэхээсээ өмнө Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзах хүсэлт өгсөн ч уулзаагүй, хариу ч өгөөгүй байх юм. Номын бизнестэй сайд нь шүү дээ. Тэр бүүхэл Соёлын сайд нь ч уулзагүй гээд бод.

-Соёлын яам чинь жинхэнэ танай салбарыг бодлогооор дэмжих ёстой газар биздээ, уг нь?

Эмгэнэл ч аятайхан бичиж чаддаггүй эмгэнэлтэй яам. Сайд нь Ж.Алдаржавхлан гэж хүн болсон юм билээ. Сайдад нь яг үнэндээ ажил хийх зав байдаггүй юм билээ л дээ, хөөрхий. Ерөөсөө л нэг хурлаас нөгөө хурал руу орж үг хэлээд, ордонд орж чуулгандаа хам хум суугаад л дуусдаг бололтой. Яасан ч олон салбарыг хариуцдаг юм. Аялал жуулчлал л гэнэ, соёл л гэх юм, спорт ч гэх шиг. Бидэнд уулзаж ярилцаад маш олон чухал асуудлыг шийдвэрлэх сонирхол байна. Гэвч цаг зав нь болдоггүй юм шиг ээ. Ганцхан зүйл хэлье. Улстөрөөс Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарыг салгахгүй бол нэг тийм индэр болоод л дуусаж байх шиг байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.